Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас “Иргэний хуулийн тайлбар” номыг хэвлэн гаргасан байна. Энэхүү бүтээлд Иргэний хуулийн 25-30 дугаар бүлэг “Бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэг”-тэй холбоотой зохицуулалтыг дэлгэрэнгүй тайлбарлажээ. Эдийн засгийн харилцаанд нэгэнт бий болсон санхүүгийн түрээс франчайзын гэрээ болон нийтэд түгээмэл хэрэглэгддэг эд хөрөнгө хөлслөх, түрээслэх гэрээний хуулийн зохицуулалтыг тайлбарласан нь аливаа гэрээний харилцааны агуулгыг зөв тодорхойлох, улмаар ойролцоо төрлийн гэрээнээс ялгах зэрэг хууль хэрэглээний ач холбогдолтой болсон байна. “Иргэний хуулийн тайлбар” ном нь шүүгчдийн онолын сэтгэлгээг хөгжүүлэх, эрх зүйн шинжлэх ухаан, практикийг хослуулах, хуулийг нэг мөр зөв тайлбарлан хэрэглэхэд ач холбогдолтойгоос гадна оюутан, багш, судлаачид сургалтын болон эрдэм шинжилгээний ажилдаа хэрэглэх боломжтой ажээ.
Уг бүтээл нь Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас 2007 онд хэвлэн гаргаж байсан “Иргэний хуулийн дэлгэрэнгүй тайлбар” /Гэрээний эрх зүй 1/ номын үргэлжлэл болон гарч байгаа аж хэмээн Улсын Дээд шүүхийн хэвлэлийн албанаас мэдээлэв.