Цахим үнэмлэх олголтод алдаа гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

Цахим үнэмлэх олголтод алдаа гарчээ

УИХ-ын сонгуулиас өмнө буюу зургадугаар сарын 28-ны өдрөөс урьтаж  иргэний үнэмлэхээ солиулах, эсвэл үрэгдүүлсэн, шинээр авах лавлагаатай иргэдэд цахим үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн билээ. Энэ ажлын хүрээнд 2011 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрөөс хойш энэ оны тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд иргэний үнэмлэх хаясан, үрэгдүүлсэн, хулгайд алдсан гэх сонгуулийн насны 40-өөд мянган иргэнд цахим үнэмлэх олгох ажлыг эхлүүлээд буй билээ. Гэтэл цахим үнэмлэх олгохтой холбоотой зарим хүндрэл гарчээ. Тодруулбал, УБЕГ-аас лавлагаа аваагүй, иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлээгүй, хугацаа нь дуусаагүй зарим иргэдийг харьяа дүүрэг, хорооноос цахим үнэмлэхээ ирж авахыг мэдэгдсэн байна.

Энэ асуудлын талаар УБЕГ-ын Мэдээлэл, технологийн газрын дарга Б.Чинбатаас тодрууллаа.

-Иргэний үнэмлэхний хүчинтэй хугацаа нь дууссан иргэд сонгуульд саналаа өгч болох юм байна. Гэтэл зайлшгүй иргэний үнэмлэхээр үйлчилдэг банк болон бусад байгууллагаар үйлчлүүлэх боломжтой юу?

-Ямартай ч УИХ-ын болон НИТХ-ын сонгуульд саналаа өгч болно. Харин банк болон бусад байгууллагаар хугацаа нь дууссан үнэмлэхээр үйлчлүүлж болохгүй. Харин УБЕГ-аас лавлагаа авсан иргэд түүгээрээ үйлчлүүлж болно.

-Иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлээгүй, хугацаа нь дуусаагүй байхад цахим үнэмлэх нь хэвлэгдсэн иргэдээс бидэнд мэдээлэл ирж байна. Алдаа гарсан хэрэг үү?

-Энэ талаар мэдэхгүй байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж