“Жаргалын найман морь” үүрслээ

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

“Жаргалын найман морь” үүрслээ

Сэтгүүлч, яруу найрагч, хэл бичгийн ухааны доктор Лханаагийн Мөнхтөрийн  “Жаргалын найман морь” шилмэл бүтээлийн найман боть ном  хэвлэгдэн уншигч таны оюуны алган дээр үүрсэн найрсан очлоо. Түүний сүүлийн 30 шахам жил бичиж туурвисан бүтээлийн  чуулган ийнхүү найман боть болжээ. Сэтгүүлч, яруу найрагч Л.Мөнхтөрийг монгол түмэн “Зөөлөн зөөлөн замбуулин” дуугаар нь андахгүй. Түүний найман ботид яруу найргийн хоёр боть, дууны шүлгийн нэг,  өгүүллэг эссэний нэг, уран зохиолын шүүмж ажиглалтын нэг, “Монгол адууны зүс шинж заасан үгсийн утга бүтэц хэрэглээ” докторын бүтээл нь нэг, сэтгүүл зүйн нэг,  хөрөг найрууллын нэг боть тус тус багтжээ.

Түүний бүтээлийг үнэлж, төрийн шагналт зохиолч Дарма Батбаяр “…даяаршил, хотжилт мэдээллийн эрин зууны үед нүүдэлч малчин монголчуудын ахуй амьдрал,  зан суртахууны мартагдан алдарч байгаа хүн ёсны эрхэм нандин  чанарыг баримт сэлттэй шударга үнэнээр үгүүлнэ гэдэг бол эрхмээс эрхэм зүйл. Энэ талыг нь авч үзвэл энэ ном  зөвхөн монголд бус хүн төрөлтний соёлд оруулж байгаа хувь нэмэр юм…”, яруу найрагч  Ц.Бавуудорж  “…уран бүтээл бол  алдах онох, эрэх олохын чөлөөт жим. Гагцхүү энэ жимээс олсон олз, ухаарал  бясалгалын  уянга  урлалын хишиг түгээж байх эрхэм үүрэгтэй.  Тэгвэл энэ ном тэр эрхэм үүргээ гүнээ ухамсарлажээ…”, шүүмж судлаач доктор Ц.Магсар  “Уран зохиолын шүүмжийг хэн хүссэн нь бичээд байдаггүй. Зохиолч, яруу нарагчид ерөнхийдөө “зай барьдаг” зориглон бичсэн  нэг нь  өөрийн гэсэн  гоо зүй-уран сайхны үзэл баримтлалтай болсноо бараг л тунхаглан харуулах  маягаар эмзэг нарийн обьект руу хөл тавьдаг жамтай. Тэгвэл Мөнхтөр маань бичжээ. Бичих бичихдээ ажиглалт, судалгаандаа хэн нэгний анхааралдаа аваагүй чиглэлийг барьж, туурвилын болон үнэлгээний өөрийн гэсэн арга маягийг  баримталжээ…”, Хүүхдийн зохиолч О.Сундуй “Жирийн нэг бут сондуул байж л харагддаг. Гэтэл бүжин туулай хярсан бут юутай их нөмөртэй санагдана вэ?, Эгэл юмсын эгэлгүй сайхныг  нээх гэдэг энэ буюу. Тод дүр дүрслэлээр дамжуулж гэгээн үг хэлэх гэдэг бас тэр буюу… гэхчлэн олон уран бүтээлч, эрдэмтэн доктор, судлаачид Л.Мөнхтөрийн  бүтээлийг үнэлжээ. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж