ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцийн жагсаалтыг “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”, “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт” гэж хоёр ангилдаг байна. Одоогийн байдлаар энэ лимбэний битүү амьсгааны арга барилыг эзэмшсэн хорь хүрэхгүй лимбэчин байдаг гэнэ. ЮНЕСКО-гийн жагсаалтад орсон соёлын биет бус өвийг орчин цагтайгаа зохицон хөгжих чадвартай байх ёстой гэж шаарддаг тул уламжлал болон орчин үеийг хослуулан хөгжүүлэх замаар мэргэжлийн хүмүүс болон иргэдийг идэвхтэй хамруулахад тухайн улс онц ач холбогдол өгдөг байх ёстой гэнэ.
Лимбэний битүү амьсгааны уламжлалыг мэргэжлийн сургалтын хөтөлбөр, агуулгад тусгах үндэс суурийг анхлан тавьсан хүн бол алдарч лимбэч Л.Цэрэндорж агсан ажээ. Битүү амьсгаагаар лимбэдэх уран чадварыг өвлүүлэх энэ их үйлст Л.Маам, Гавьяат жүжигчин М.Дорж, М.Бадам, н.Галсантогтох, Ө.Батжаргал, лимбэч багш Д.Энхтайван нар түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэнэ. Лимбэ хөгжмийн мэргэжлийн сургалт эдүгээ Соёл урлагийн их сургууль, Хөгжим бүжгийн коллеж, Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежид байдаг аж. 2007 онд лимбэний битүү амьсгааны уламжлалыг сэргээн хөгжүүлэх хойч үед өвлүүлэх зорилготой “Монголын Лимбэчдийн Холбоо” байгуулагдаж, энэ холбоонд үе үеийн лимбэчид, судлаачид, урлаг соёлын зүтгэлтнүүд нэгдэн орсон байна.