Өвөрхангай аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан мэдээгээр тус аймаг өөрийн төсөвтөө 4043,3 сая төгрөгийн орлого оруулахаас бүх сум төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, нийт 4285,4 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 5.9 хувиар буюу 242.0 сая төгрөгөөр давуулан биелүүлжээ. Мөн нийгмийн даатгалын сайн дурын орлого өмнөх оны мөн үеийнхээс 2.2 дахин, эрүүл мэндийн сангийн орлого 19.8 хувиар өсчээ. Аймгийн хэмжээгээр нийт эх малын 86.3 хувь нь төллөж, гарсан төлийн 95 хувь буюу 837.0 мянган төл бойжиж байгаагаас Баян-Өндөр, Бүрд, Зүүнбаян-Улаан, Сант, Төгрөг сумд төлөө 100 хувь бусад сумд 96.7- 99.8 хувиар бойжуулж байна. Тариалалтын ажил ид явагдаж 2766.0 га-д үр тариа, 255.8 га-д төмс, 69.7 га-д хүнсний ногоо тариалсны дотор урьд оноос үр тариа нэг мянган га-гаар, төмс 40 гаруй га-гаар илүү тариалжээ. Тус аймгийн үйлдвэрийн газрууд оны үнээр эхний таван сард 3525,2 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 3321,8 сая төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өнгөрсөн оны мөн үеэс бүтээгдэхүүний үйлдвэрлэл 49.2 хувиар, борлуулалт 52.5 хувиар өссөн байна. Үйлдвэрлэл явуулдаг цэг, салбарын тоо, бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, чанар дээшилсний үрээр ийнхүү нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өсчээ. Тээврийн салбарын орлого өмнөх оны мөн үеийнхээс 12,4 хувиар өслөө. Шинэ ажлын байр бий болгох ажлыг Арвайхээр, Уянга, Хайрхандулаан, Баян-Өндөр, Бат-Өлзий, Хужирт, Хархорин, Есөнзүйл сумд хошуучлан аймгийн дүнгээр оны эхний таван сард 553 ажлын байр шинээр бий болж, аймгийн ХХҮХ-т бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо урьд оны мөн үеэс 7.4 хувь буурчээ.
Ч.Өлзий /Өвөрхангай/