Надаль ийнхүү Францын нээлттэй тэмцээний долоон удаагийн аварга (1974-75, 1978-81), домогт Шведийн Бьорн Боргийн амжилтыг давтсан байна. Надаль өнгөрсөн гурван “Их дуулга”-ын шигшээд шалгарсан ч бүгдэд нь Сербийн Новак Жоковичид ялагдаж байсан билээ. Магадгүй энэ тэмцээнд Жокович түрүүлэх байсан бол дөрвөн “Их дуулга”-д дараалан түрүүлсэн теннисчин болох байлаа. Гэсэн ч шороон талбайн хаан Рафаэль түүнд боломж олголгүй, түүхэн амжилтын эзэн болж чадсан юм.
Рафаэль Надаль 2005 оноос тус тэмцээнд түрүүлсэн бөгөөд 2009 оны тэмцээнд дөрөвдүгээр тойрогт Шведийн Сёдерлингт ялагдаж, тэмцээнийг орхиж байжээ. Гэсэн ч тэрбээр сүүлийн гурван жил дараалан түрүүлж, тус тэмцээний долоо дахь түрүү, “Их дуулга”-ын 11 дэх цомоо хүртлээ.
Дашрамд дуулгахад, оны гурав дахь “Их дуулга” болох “Уимбльдон” зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 8-ны хооронд, олимпийн наадмын талбайн теннисний тэмцээн ирэх долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 5-нд Бүх Английн Лаун теннисний клубын талбайд болох билээ.