Улаанбаатарт ажил хэвийн үргэлжилж байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт ажил хэвийн үргэлжилж байна гэв

14 хоног тутамд хуралддаг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтны өмнөх шуурхай зөвлөгөөнөөс УИХ-ын болон НИТХ-ын сонгуультай холбогдоод нийслэлд хийгдэж буй ажлууд ямар нэгэн байдлаар цалгардах ёсгүйг нийслэлийн удирдлагууд онцлон анхааруулсан.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсээс дүүрэг, харъяа газруудын ажил хэрхэн өрнөж байгаад шалгалт хийгээд ямар нэгэн байдлаар ажил хийдэгдэж, тасалдсан зүйлгүй, хөрөнгө оруулалтын ажлууд хүлээлт байхгүй, шуурхай хийгдэж байгаа талаар тус хэлтсийн дарга Ш.Наран өчигдрийн /VI.11/ шуурхай зөвлөгөөн дээр мэдээллээ.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын мэдээлснээр энэ онд Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 628 төсөл арга хэмжээний 116 тэрбум төгрөгийн гэрээ байгуулан хэрэгжүүлж эхэлжээ. Иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн нэгдсэн цогцолбор барилга энэ онд 36-г барихаас одоогоор 3 хорооны барилга ашиглалтад орж, бусад нь төлөвлөгөөт хугацааны дагуу баригдаж байна. Иргэдийн оролцоо өрхийн хөгжлийг дэмжих жилийн ажлын хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор  2 дүүрэгт жижиг дунд үйлдвэрийн барилга баригдаж байгаагаас Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороон дахь барилгын ажил дуусч, ашиглалтад оржээ.

Мөн өнөө жил нийслэлийн 6 дүүрэгт хүүхэд, залуус, олон нийтэд зориулсан мөсөн гулгуурын талбай, усан бассейн бүхий биеийн тамир спортын цогцолбор 6, боулингийн төв 1-ийг барина. Иргэдийн тав тухтай, соёлтой орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх энэ ажил эхнээсээ дуусч, Баянзүрх дүүрэгт усан бассейн бүхий спорт цогцолборын барилгын ажил дуусаад байна. Сургуулийн спорт заалыг шинээр барих 2 ажил, их засварын 4 ажлаас гадна шинээр 4 цэцэрлэгийн барилга баригдаж буй. Энэхүү 4 цэцэрлэг шинээр ашиглалтад орсноор цэцэрлэгийн насны 350 хүүхэд багачууд тав тухтай орчинд өсч хүмүүжих, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ авах боломжтой болно.

Эрүүл мэндийн салбарт 4 том ажил хийгдэж байгаагаас Баянзүрх дүүрэгт 150 ор бүхий 3 дугаар амаржих газрын барилга угсралтын ажил 35 хувьтай, Сүхбаатар дүүрэгт 150 ортой нэгдүгээр амаржих газар, 15 дугаар хорооны ахмадын сувилалын  барилгын ажил 70 хувьтай, Сэргээн засах клиник сувилалын барилгын ажил 30 хувьтай байна. Баянзүрх дүүргийн Хонхор тосгоны эмнэлэгийн ажилчдын байр, Ахмадын эмчилгээ сувилалын барилга, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдүгээр амбулатори, Нэгдсэн эмнэлэгийн төв байрны засварын ажил дуусчээ. 3335 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах ажил 50 хувьтай байгаа бол он гарсаар нийтийн эзэмшлийн орон сууцны 24 цахилгаан шатыг ашиглалтад бүрэн хүлээлгэн өгсөн байна. Өнгөрсөн жил хэрэгжүүлсэн томоохон хөрөнгө оруулалтын ажлын нэг болох инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлэх ажил 40 мянгат орчимд өрнөсөн бол энэ жил Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо орчмын шугам сүлжээг хонгилын системд бүрэн шилжүүлнэ. Нийслэлд инженерийн шугам сүлжээний 13 ажил хийгдэж байгаагаас одоогоор 7 ажил бүрэн дуусч, бусад ажлууд нь хэвийн үргэлжиж байна.  Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажил үе шаттай өрнөж, Зүүн уулын үерийн далангийн хоёрдугаар ээлж, Сэлбэ гол, Зайсангийн үерийн далан, Хангай зах, Нарангийн үерийн хамгаалалтыг шинээр барьж байгаа бол Дэнжийн 1000 орчим, Сэлбэ гол, Дунд голын далан, 3,4 дүгээр хорооллын сувгийн хамгаалалтад засвар хийж байна. Гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд Сүхбаатар дүүрэгт барьж буй 200 айлын түр суурьшуулах байрны барилга угсралтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй, А блокийн засал чимэглэл 7 давхар, Б блокийн дотор засал чимэглэл 13 давхар хүртэл хийгджээ. Ус түгээх 2 байрыг шинээр барьж ашиглалтад хүлээлгэн өгч, 2000 гаруй хүн цэвэр усны найдвартай эх үүсвэртэй болсон байна. Хувьчлагдсан 36 орон сууцны 25863 м2 талбайд дээврийн засвар, 16 орон сууцны гадна фасад засварын ажил ид өрнөж байна.

Улаанбаатар хотын захиргаа өнгөрсөн жилээс эхлэн тохижилт, ногоон байгууламжийн ажилд түлхүү анхаарч, хотын дарга дүүргүүдэд хөрөнгө оруулалтын тодорхой ажлуудын эрхийг шилжүүлэн хийлгэж байгаа. Өнөө жил 9 дүүрэгт нийт 6,9 тэрбум төгрөгийн өртөг бүхий 65 ажил хэрэгжиж байгаагийн дотор ногоон байгууламжит цэцэрлэгт хүрээлэн 9, тоглоомын талбай 21, усан оргилуур 1, амралт, чөлөөт цагийн бүс, нийтийн цэнгэлдэх хүрээлэн 5-ыг тохижуулна. Эдгээр бүх тохижилтын ажлуудыг Улсын их баяр наадмаас өмнө дуусгах, ялангуяа баяр наадмын үйл ажиллагаа нутаг дэвсгэрт нь өрнөдөг Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүд онцлон анхаарч ажиллахыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг үүрэг болголоо. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт эрчимтэй өрнөж буй хөрөнгө оруулалтын ажлуудын талаарх мэдээллийг иргэдэд сайтар хүргэх, тэдэнд хийгдэж буй ажлуудын талаар ойлгомжтой байлгах үүднээс хэн ямар ажил гүйцэтгэж байгаа, хэзээ эхэлж, хэзээ дуусах талаар ажил хийгдэж буй газруудад тодорхой мэдээлэл бүхий самбар байршуулахыг даалгасан юм.

Эх сурвалж: ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж