Сурталчилгааны самбарын байршлыг эцэслэн тогтооно

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

Сурталчилгааны самбарын байршлыг эцэслэн тогтооно

Нийслэлийн Сонгуулийн хороо /НСХ/ өнөөдөр хуралдаж, сонгуулийн бэлтгэл ажлын явц, шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлуудын талаар хэлэлцлээ.
НИТХ-ын сонгуульд 9 нам, 2 эвсэл оролцохоор НСХ-нд бүртгүүлсэн. Хуулинд заасан хугацаанд буюу өчигдөр оройн 24.00 цагаар нэр дэвшигчдэд үнэмлэх олгох  ажлыг тасалбар болгож, 331 хүнд НИТХ-д нэр дэвших батламжийг гардуулан өгчээ. НСХ тавдугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан өдрөөс хойш байгууллага, иргэдийн 15 гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн байна. 

НИТХ-ын Сонгуулийн тухай хуулийн 33.10-т сонгуулийн сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хууудас, зарлал, самбарыг гудамж, талбай болон олон нийтийн газарт байрлуулах байршлыг нам, эвсэл, нэр дэвшигчдийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг баримтлан сонгуулийн жилийн 5 дугаар сарын 15-ны дотор тухайн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтооно гэж заасан байдаг. Өнөөдрийн байдлаар дөрвөн дүүрэг байршил тогтоосон тогтоолоо ирүүлжээ. Хан-Уул дүүрэг 113, Сонгинохайрхан 1380, Сүхбаатар 336, Баянгол 460 байршилд нэр дэвшигчид сурталчилгаагаа байршуулах боломжтой гэж тогтоосон байна.

Улаанбаатар хотын хэмжээнд Захирагчийн ажлын албатай гэрээ байгуулан ажилладаг 2600 гаруй сурталчилгааны самбар бий. Эдгээр нь бүгд аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн эзэмшлийнх байдаг. Эдгээр самбарт сурталчилгаагаа байрлуулахыг хүсэгчид тухайн аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй л гэрээгээ байгуулах шаардлагатай. Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс тогтоож өгч буй байршил бол сурталчилгаагаа байршуулж болох байршлыг нь л зааж өгч буй болохоос самбарын тоог заасан хэрэг биш. Гэвч зарим дүүрэгт аль байрлал сайтай газруудыг нь мөнгөтэй боломжтой хүмүүс авчихсан асуудал үүсээд байгаа. Иймээс хуульд заасан эрх тэгш байдлыг хангах үүднээс сурталчилгаа байршуулж болох байршлын судалгааг дахин хийж, ирэх 1 дэх өдөр гэхэд бүх дүүргүүд байршил тогтоосон ИТХ-ын Тэргүүлэгчдийнхээ тогтоолыг ирүүлж эцэслэхийг НСХ-ноос даалгалаа.

Дүүргүүдээс тогтоож өгч буй байршлууд дээр зөвхөн хуульд заасан хугацаанд сонгуулийн сурталчилгааны самбарыг түр байрлуулах агаад сурталчилгааны хугацаа дуусмагц буулгах юм. Харин эдгээр самбарыг байрлуулахдаа аюулгүй байдлыг сайтар харгалзахыг НСХ анхаарууллаа.

УИХ, НИТХ-ын сонгууль давхцаж буй энэ удаагийн сонгуулийн саналыг анх удаагаа автомат системээр тоолох агаад санал авах байруудыг камержуулах юм. Энэ ажлыг хариуцаж буй Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын өгсөн мэдээллээр нийт санал авах 360 хэсгийн хороог камержуулахаас 110 хэсгийн хорооны камерийг интернетэд холбох, 250 хэсгийн хороонд санал авах байрны гадна дэлгэц байрлуулах, олон нийтийн эзэмшлийн талбайд буй томоохон дэлгэцээр дамжуулах гэсэн гурван шийдлээр иргэдэд сонгуулийн санал хураах явцыг хүргэхээр ажиллаж байгаа гэдгээ хэллээ. Хяналтын камер нийлүүлэх компанитай гэрээ байгуулсан агаад суурилуулах ажлыг 14-нөөс эхэлж 24 гэхэд дуусгах юм байна.

Эх сурвалж: http://ulaanbaatar.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж