19 үйлчилгээний газрын ажиллах цагийг сунгав

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

19 үйлчилгээний газрын ажиллах цагийг сунгав

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас спиртын сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх, улирлын түр зөвшөөрөлтэй 19 үйлчилгээний газарт уртасгасан цагаар ажиллах зөвшөөрөл олголоо.

Лондонгийн зуны олимп, европийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжүүдээс үйлчилгээний газруудыг уртасгасан цагийн хуваариар ажиллуулах зохицуулалт хийж өгөхийг хүссэн хүсэлт олноор ирж байгаа. Энэ нь цагийн зөрүүгээс шалтгаалан Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтуудыг шууд дамжуулах нэвтрүүлэг нь манай улсад шөнийн 02 цагаас хойш таарч буй тул иргэд төдийгүй жуулчдын оргил ачааллын үед жуулчдад энэхүү тэмцээнийг үзэх боломж олгож, тэндээс олох орлогыг нэмэгдүүлэхтэй холбоотой байгаа юм.

Иймээс иргэд, аж ахуйн нэгжийн  удаа дараа тавьж байгаа хүсэлтийг харгалзан спиртийн сул агууламжтай ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй  сүүдрэвчтэй талбайд үйлчилгээ явуулдаг газруудын цагийн хуваарьт зохицуулалт хийх боломжийн талаар ЗГХЭГ, ХХААХҮЯ, Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НИТХ-ын Тэргүүлэгчдээс чиглэл авсны дагуу 2012 оны 6 дугаар сарын 08–наас 7 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд явагдах Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах ”Евро-2012” тэмцээний үеэр зарим аж ахуйн нэгжид 00-05 цагт үйлчилгээ явуулахыг зөвшөөрлөө. Уртасгасан цагаар ажиллах байгууллагуудад "Масс клуб", THUMPS, Пейпер плейн, Грант хаан, Golden lounge, Марко поло, BD’S Mongolian barbeque, Modern nomads, Эклипс, Сансрын аюулгүйн тойргийн ард байрлах TS караоке паб, Их дэлгүүрийн хажуу талын задгай паб, "13-р гудамж ресторан" зэрэг 19 аж ахуйн нэгж оржээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бусад хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд ердийн цагийн хуваарийг мөрдөж ажиллана.

Эх сурвалж: http://ulaanbaatar.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж