“Айвенхоу” хувьцааныхаа 5.5 хувийг худалджээ

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

“Айвенхоу” хувьцааныхаа 5.5 хувийг худалджээ

Сингапурын төрийн өмчит хөрөнгө оруулагч “Temasek Холдингс” “Айвенхоу Майнз” компанийн хувьцааны  5.5 хувийг 426 сая ам.доллараар худалдан авчээ. “Temasek Холдингс”  энэ сарын 8-нд АНУ-ын Үнэт цаас, валютын комисст мэдэгдэл гаргахдаа Ванкуверт төвтэй  “Айвенхоу Майнз”-ын  40.855 сая ширхэг хувьцааг эзэмшдэг гэж мэдэгджээ. Уул уурхайн аварга “Рио Тинто” хяналтын хувьцааг нь эзэмшдэг “Айвенхоу Майнз”-д “Temasek” цөөн тооны хувьцаа эзэмшдэг боловч хувьцааны багцыг сая нэмэгдүүлсэн аж. “Айвенхоу Майнз” Оюутолгой төслийг хэрэгжүүлэх санхүүгийн цогц төлөвлөгөөний хүрээнд компанийн одоогийн хувьцаа эзэмшигчдэд 1.8 тэрбум ам.долларын үнэт цаасны эрхийг худалдахаа өнгөрсөн сард мэдэгдсэн билээ.

Сингапурын хөрөнгө оруулагч “Temasek” уул уурхайн компаниуд дахь хөрөнгө оруулалтад анхаарч байгаа бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадын “Петро Чайна” корпорацийн салбар “Kunlun Energy” компанийн хувьцааг худалдаж авсан юм. 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үеэр барууны томоохон банкуудад хөрөнгө оруулж, асар их алдагдал хүлээсэн төрийн өмчит хөрөнгө оруулагчид санхүүгийн үйлчилгээнээс илүү түүхий эд, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой болсон юм.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж