“Анх удаагийн сонгууль гэхэд алдаа, дутагдал гарсангүй”

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

“Анх удаагийн сонгууль гэхэд алдаа, дутагдал гарсангүй”

Гадаад улсад амьдарч, ажиллаж байгаа монгол иргэд УИХ-ын 2012 оны сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийн төлөө саналаа өгч дууссан. Үүнтэй холбоотойгоор Гадаад харилцааны яам болон Сонгуулийн ерөнхий хороо хамтран өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Гадаад дахь иргэдийн саналын  хуудас бүхий сүүлчийн битүүмжилсэн сав нь АНУ-ын Вашингтон хотоос маргааш хүргэгдэж ирэх бөгөөд  улмаар  хүлээн авсан бүх битүүмжилсэн савыг СЕХ-нд албан ёсоор хүлээлгэн өгч, зургадугаар сарын 28-ны сонгуулийн дүнтэй хамтатган тоолох ажээ.

Гадаад улсад амьдарч, ажиллаж байгаа монгол иргэд  Монгол Улсын түүхэнд анх удаа Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхээ эдэлж байгааг хэвлэлийн хурлын үеэр онцолж байлаа. Гадаад дахь монголчуудаас санал авах ажлыг Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газартай 39 улсад  зохион байгуулж, мөн тооны сонгуулийн салбар комисс байгуулж, тэдгээрт 188 хүн ажилласан байна. Сонгуулийн эрх бүхий монгол иргэдийн 4321 нь сонгуульд оролцохоо илэрхийлж, албан ёсоор бүртгүүлснээс 2779 нь буюу 65 хувь нь ийнхүү саналаа өгсөн байна. Энэ үеэр Гадаад харилцааны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишигээс зарим зүйлийг тодрууллаа.

-Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд анх удаа санал өгсөн. Зөрчил, дутагдал байсан уу?

-Санал хураалт зургадугаар сарын 10-ны өглөө Австралиас эхэлж, АНУ-д өндөрлөсөн. Сонгуульд санал өгөх үеэр зөрчил, алдаа гарсангүй. Бүртгүүлсэн хүмүүсээс 44 хүн бичиг баримтын зөрчилтэй байсан учраас санал өгч чадаагүй. Анх удаагийн сонгууль ч гэсэн алдаа дутагдал, иргэдийн санал өгөх эрхийг нь хангах зорилгоор Гадаад харилцааны яам болон СЕХ бэлтгэл сайн базаасан байсан.

-Гадаадад амьдарч байгаа иргэдийн тоо, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдэллийг харж байхад сонгуульд оролцсон байдал харьцангуй бага байна л даа?

-Монголын 100 гаруй мянган иргэн гадаадад байдаг гэдэг. Шинэчилсэн бүртгэлд 30 мянган гаруй иргэн хамрагдсан байдаг юм. Сонгуульд санал өгөхөр бүртгүүлж, 2779 нь санал өгсөн. Энэ нь 30 мянгын 10 орчим хувь нь юм. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болоход гадаадад байгаа иргэдээ бүртгэхэд 1,8 сая хүн гадаадад амьдардаг гэсэн. Үүний 80 мянган нь л санал өгсөн байсан. Энэ тоотой харьцуулахад харьцангуй олон хүн санал өгсөн байгаа юм. Анхных гэхэд идэвхтэй байсан. Харин дараагийн сонгуульд бид иргэддээ мэдээллийг тодорхой хүргэх ёстой юм байна гэдэг ойлголттой болсон.

-Нэг талаар гадаадад байрладаг Дипломат төлөөлөгчийн газрууд иргэдтэйгээ хэр харилцаатай ажилладагтай шууд холбоотой гэж үзэх хүмүүс байна?

-Гадаад харилцааны яам салбар комиссуудаараа дамжуулан бүртгэлийг хялбаршуулан бүртгэсэн байгаа. Иргэдэд чирэгдэл учруулахгүй байх зэргээр боломжийг нээж өгсөн. Манай Элчин сайдын яам цаг, хуваарийн дагуу иргэдийг бүртгэсэн. Бичиг баримтын зөрчил, бичиг баримтгүй ирсэн иргэдийг бүртгэхгүй байх хуулийн дагуу бүртгээгүй.

-Гадаад дахь монголчуудаас санал авах ажилд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсан бэ?

-Төсөвт суулгасны дагуу нийт 300 сая орчим төгрөг зарцуулсан.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж