Хувьцаагүй монгол хүн

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

Би
хувьцаагүй монгол хүн. 1072 ширхэг хувьцаанаас хувь хүртэхгүй гэсэн
шийдвэр гаргачихаад толгойгоо маажиж сууна. 20-иод хоногийн өмнө оршин
суудаг хорооноосоо тодорхойлолт авахаар очтол нэг өргөдөл бөглүүлж
“Хувьцаагаа авах уу, Засгийн газарт зарах уу” гэсэн саналыг маань авсан
юм. Тэр өргөдлийнх нь учир утгыг ч сайн ойлгож ухаарсангүй, 1072 ширхэг
хувьцаагаа Засгийн газарт худалдана гэсэн утгатай хариулт биччихсэн юм.
Хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь зарна гэсэн нэг сая 490
мянган хүний нэг нь би болж таараад байгаа юм. Тэгэхээр ширхэг бүр нь
933 төгрөгийн үнэтэй, нийтдээ нэг сая 73 мянган төгрөгийн үнэ бүхий
миний хувьцааг Засгийн  газар худалдаж аваад бэлэн мөнгө өгөх нь. Би сая
төгрөгөөр юу хийх вэ. Ганцхан өдрийн дотор “шопинг”-доод л дуусаа.
Надад юу ч үлдэхгүй. Харин нөхөр маань “Хувьцаагаа авна” гэсэн. Тэр
намайг бодвол арай сийрэг ухаан гаргасан байгаа юм, сүүлд бодоод байх нь
ээ. Насан туршдаа хувьцааны ногдол ашиг аваад явна гэсэн үг.  Газар
доорхи баялгаас хувь хүртэж амьдарна гэдэг их аз завшаан. Хувьцааны үнэ
буурна гэж үгүй. Яагаад гэж үү. Миний, таны эзэмших хувьцааны ногдол
ашгийг “Тавантолгой”-н коксжих нүүрсний уурхайн ордын 10 хувиас өгөх
болохоор эргэлзэх юм алга. Харин хэзээ, яаж, хэрхэн өгөх талаар иргэдэд
мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Хувьцаа эзэмшихийн тулд ийм материал
бүрдүүлнэ, иргэн бүр данстай бол, түүгээр нь дамжуулж хувьцааны ногдол
ашиг өгнө гэсэн заавар зөвлөгөөг түлхүү өгнө гэж найдаж байна. Монголын
төр хэзээ ч биелэгдэхгүй юм шиг сонсогдож байсан “Хүний хөгжил сан”-гийн
мөнгийг өгч чадсан,  иргэдийнхээ итгэлийг биелүүлж чадсан. Одоо яг түүн
шигээ ажиллаж, иргэдийг данстай болгох хэрэгтэй. Иргэдэд удахгүй
хувьцаа өгч эхэлнэ, ирэх оноос ногдол ашгаа хүртэж эхэлнэ гэдгийг нь л
юуны түрүүнд ойлгуулах хэрэгтэй байна. Хувьцаа, ногдол ашгийн талаар
ямар ч ойлголтгүйгээс л тэр 1,5 сая хүн хувьцаагаа бэлэн мөнгөөр солих
гэж мугуйдалсан байх.

Монголчууд
баялгийн шударга, тэгш хуваарилалтын зарчимтай анх 1991 онд танилцсан
юм. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжихдээ улсын үйлдвэрийн
газруудыг шударгаар хуваарилж иргэн бүрт 3000, 7000 төгрөгтэй дүйх хоёр
төрлийн хөрөнгө оруулалтын эрхийн бичиг тараасан. Сүйхээтэй, бас алсын
бодолтой нь хөрөнгө оруулалтын эрхийн бичгээрээ улсын өмчийн 400 гаруй
үйлдвэрийн хувьцааг 100 төгрөгийн нэрлэсэн үнээр худалдан авснаар өдгөө ч
ногдол ашиг хүртэж буй. Ягаан тасалбар гэж нэрийддэг 3000 төгрөгтэй
дүйх ягаан, 7000 мянган төгрөгтэй дүйх цэнхэр бичгийг хөрөнгө мөнгө
ахиутай хүмүүс иргэдээс худалдан авснаар тухайн үеийн мах, махан
бүтээгдэхүүн, сүү, гурил, гутал, оёдлын үйлдвэрүүдийг хувьдаа авч одоо
олигархи, баян цатгалангаараа дуудуулаад байгаа юм. Эд ингэж чадсан юм
чинь, бусад нь яагаад чадахгүй гэж. Боломж нь байна. Нэг сая төгрөг авч,
өнөө маргаашийн идэх хоол, өмсөх хувцсанд зарснаас ирээдүйдээ хөрөнгө
оруулсан нь дээр гэж зөвлөмөөр байна. Хувьцаагаа ав, сая төгрөгөөс
татгалз. Одоо сая төгрөгийн үнэлгээтэй байгаа хувьцаа хоёр, гурван
жилийн дараа хоёр, гурван сая төгрөгт хүрнэ. Тийм боломж байгаа гэдгийг
албаны хүмүүс, мэргэжилтнүүд хэлж байгаа. Баталгаа нь өмнийн говьд
байгаа 6,4 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй, дэлхий дээр
ашиглагдаагүй байгаа хамгийн том коксжих нүүрсний орд. Дээр нь олон
улсын сонирхол байна. Сонирхол байна гэдэг эрэлттэй байна гэсэн үг.
Эрэлттэй хувьцааны үнэ өсдөг жамтай.  Өнөөдөр ямар ч ашиггүй эрээн цаас
мэт санагдавч авдрынхаа мухарт хийгээд хадгалчих. Засгийн газар худалдаж
авъя гэвэл битгий өг. Монгол хүн бүр хувьцаандаа эзэн сууж чадвал
жинхэнээсээ Монгол Улсынхаа баялгийн эзэн болно гэсэн үг. Ганцхан том
Тавантолгойн ордоос ийм их ашиг хүртэх азтай улс шүү, бид. Тавантолгойн
Зүүн Цанхийн хэсэгт нүүрс олборлож эхэлсэн “Эрдэнэс Тавантолгой”-н
хувьцаа, түүний цаана Тавантолгойн ордын бүрэлдэхүүн хэсэгт багтдаг
стратегийн хөрөнгө оруулагчдын шүлсийг гоожуулж байгаа Баруун Цанхи, үйл
ажиллагаа нь жигдэрсэн Ухаахудаг, орон нутгийн “Тавантолгой” ХК,
“Дайцүки” ХХК-ийн эзэмшиж байгаа хэсгүүд, Бор толгой гээд нүүрсний
баялаг ихтэй талбайнууд хувьцаагаа бидэнд өгөхөд бэлэн болчихсон байна.

Монголын
баялаг олон улсын хөрөнгийн зах зээл дээр бидний төсөөлснөөс ч илүү
үнэд хүрэх нь тодорхой болчихсон. Тухайлбал, “Энержи Ресурс” ХХК
Монголын уул уурхайн корпораци Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO хийж,
эхний ээлжинд 670 сая ам.доллар босгож шуугиан тарьж байсныг санаж
байна. Энэ компани “Тавантолгой”-н ордын дөрөвхөн хувийг эзэмшдэг. Нийт
хувьцааныхаа 22,3 хувийг л хөрөнгийн зах зээл дээр гаргасан гэх Монголын
уул уурхайн корпорацийн үнэ цэн өнөөгийн байдлаар гурван тэрбум
ам.долларт хүрснийг Монголын 2,8 сая хүн амд эн тэнцүү хуваавал нэг
иргэнд 1,4 сая төгрөгийн хөрөнгө ногдож байна. Энэ бүхнийг бодохоор
хувьцаагүй монгол хүн л хохирч үлдэх гээд байна шүү.

Б.Оюунгэрэл

/Төлбөртэй нийтлэв/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж