
Манай улсад 2007 оны судалгаагаар 71 мянган гаруй хүүхэд тэвчишгүй хүнд хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн тооцоо гарчээ. Гэвч энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг холбогдох хүмүүс хэлдэг. Хүүхэд өөрийн хүслээр хөдөлмөр эрхлэх тохиолдол бараг үгүй. Яагаад гэвэл хөдөлмөрлөж мөнгө олж байгаа нь эцэг эх болон ядуу амьдралтай нь шууд холбоотой. Манай улс 2014 он гэхэд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгахаар төлөвлөсөн ч нийгэм нь ядуу болохоор бодит ажил болохгүй хэвээр байна.
Малын тоо жил ирэх тусам өсч байгаа нь сайшаалтай. Гэвч зарим нэг сөрөг нөлөө байдаг. Тухайлбал, мал ихтэй иргэд малаа маллуулахын тулд хүүхдээ сургуулиас нь завсардуулж сурах эрхийг нь хаана, эсвэл амьжиргааны түвшин доогуур орлоготой амиа аргацааж байгаа иргэдийн хүүхдийг хөлслөх нэрээр боолчилно. Тэвчишгүй хүнд хөдөлмөр эрхлэж байгаа хүүхдийн дийлэнх хөдөө аж ахуйн салбарт байдаг аж. Тэд мал маллаж, эсвэл уурхайд ажилладаг. Иймд өнгөрсөн онд батласан хүүхдийн хөдөлмөрийн тухай хөтөлбөрт малчин хүүхдийг тэвчишгүй хөдөлмөрөөс хөндийрүүлэх тухай заалтыг тусгажээ
Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг үйл ажиллагаа явуулж буй ганцхан ТББ байдаг нь “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг үндэсний сүлжээ” аж. Тус байгууллага 2008 онд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж, олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьсон байна. Тус байгууллагын тэргүүн Ц.Мөнхтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг юу хийвэл үр дүнтэй бол?
-Эцэг эх, олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд хамтарч ажиллах шаардлагатай. Уул уурхай эрчимтэй хөгжсөнөөр хүүхдүүд эрүүл мэнд болон амь насны аюултай байдалд хөдөлмөр эрхлэх болсон. Хүүхдийн хөдөлмөр нь төр засгийн хувьд тулгамдсан асуудал юм. Хүүхдийг хөдөлмөрөөс хөндийрүүлэх гол арга нь хүүхдүүд өөрсөдтэй нь тулж ажиллах, сурч боловсрох нөхцөлөөр хангах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх явдал юм.
-72 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн. Энэ тоо хэр бодитой вэ?
-Дөрвөн жилд нэг удаа Хүүхдийн төлөө газраас судалгаа хийдэг боловч 2007 оноос хойш хийгээгүй. 2007 оны судалгаагаар хүүхдийн хөдөлмөр эрхлэлт 1.4 хувиар өссөн.
-Энэ нь ядууралтай холбоотой юу?
-Тийм ээ. ядуурал хүүхдийн хөдөлмөрийг ихэсгэж байна.
-Хүүхдүүдийн хамгийн ихээр хөдөлмөр эрхэлдэг газар нь хаана байна вэ?
-Бүх төрлийн боолчлол, хууль бус хөдөлмөр эрхлэлт нь тэвчишгүй хөдөлмөрт ордог. Бэлгийн зорилгоор ашиглан дундаас ашиг олох нь тэвчишгүй хүнд хөдөлмөр. Энэ байдал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Мөн уул уурхайд ажиллаж байгаа хүүхдүүд дийлэнх нь байна.
-Унаач хүүхдүүдэд хэрхэн анхаарч байгаа вэ?
-Унаач хүүхдийн хувцасны стандартыг батласан. Хэрэглээ болгоход нэлээд хөрөнгө хүч зарж байгаа байх. Улсын чанартай уралдаанд энэ стандарт мөрдөгдөж байгаа ч орон нутагт хүүхэд эрсдэх тохиодол өндөр байгаа.
-Морь унахыг нь хориглох боломж бий юу?
-Энэ нэлээд маргаантай асуудал. Уламжлалт спорт учраас зарим хүмүүс эсэргүүцдэг. Тиймээс хууль тогтомж, стандартаараа явах хэрэгтэй. Бүр хориглож болохгүй. Би нас заагаад есөөс доош насны хүүхдийг уралдааны морь унуулахыг хориглосон. Мөн өвөл градус зааж өгсөн. Эдгээрийг л сайн мөрдөх хэрэгтэй.
-Засгийн газраас хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн эсрэг хэр мөнгө төсөвлөдөг бол?
-Үүнд би нэлээд шүүмжлэлтэй ханддаг. Хүүхдийн хөдөлмөрийн тухай хөтөлбөр гаргасан хэрнээ тусгайлсан санхүү баталж чадаагүй. Цаашид хүүхдийн хөдөлмөрийг устгах төсөв хөрөнгө тусгайлан батлаад хэрэгжүүлж чадвал тийм ч их хугацаа орохгүй.
Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн жагсаалтыг өнгөрсөн онд дахин баталсан. Үүнд, архи согтууруулдах ундаа, тамхины үйлдвэрт ажиллах, гуйлга гуйх, массажист хийх, хог хаягдал цуглуулах, нийтийн бие засах газрын цэвэрлэгээ хийх гээд олон зүйл багтжээ. Гэтэл хүүхдүүд энэ бүхнийг хийсээр. Зарим нь бүр эцэг эх, дүү нараа тэжээхийн тулд мөнгө олж явна. Тиймээс эцэг эхийг нь орлоготой, мөнгөтэй болгоогүй цагт хүүхэд хөдөлмөр эрхлэхээ болино гэдэг эргэлзээтэй.
