Боксчин Амир Хан уучлал гуйв

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

Боксчин Амир Хан уучлал гуйв

Дэлхийн аваргын цомыг хоёронтоо хүртэж байсан Британийн мэргэжлийн боксчин Амир Хан шүтэн бишрэгчдээсээ уучлал гуйжээ. Лалын үнэнч сүсэгтэн Амир Хан Лас Вегасын нэгэн клубт бүжиглэж буй бүсгүйн хажууд боодолтой доллар барин зогсч буй зургаа Твиттерт тавьж, доор нь “Тоглох уу?” хэмээн бичсэнээс болж бөөн асуудалд орсон аж. Түүний сэжигтэй, итгэл эвдсэн мэт зураг нь эхнэрт нь огтхон ч таалагдаагүй гэнэ. Амир Ханы үзэсгэлэнт эхнэр дараа нь Твиттертээ “Санаанд оромгүй, аймшгийн зүйлээс болж таагүй өглөөг угтлаа” хэмээн бичсэн байжээ. Шүтэн бишрэгчид  нь Амир Ханыг эхнэрээ хүндэтгээгүй, бас лалын үнэнч сүсэгтний хувьд зохисгүй аашилсан хэмээн шүүмжилсэн гэнэ. Санаандгүй үйлдлээс болж асуудалд орсон Амир Хан зургийг Твиттерээс авч, мессежийг арилгажээ. Амир Хан дараа нь шүтэн бишрэгчдээсээ уучлал гуйж “Би ийм зураг оруулсандаа уучлал гуйя. Миний буруу байсныг хүлээн зөвшөөрч байна. Гэвч би зарим зүйлийг тодруулъя. Нэгдүгээрт, миний барьж байсан мөнгө клубын ширээн дээр байсан хуурамч мөнгө. Хоёрдугаарт, бүжиглэж буй бүсгүй тайчигч биш, акробат хийж байсан юм. Тэр клуб ч бас стриптиз клуб биш. Би ийм зүйлд хэзээ ч цаг, мөнгөө үрэхгүй байсан. Би хүмүүст буруу ойлголт төрүүлсэндээ харамсч байна” хэмээн бичжээ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж