Санал хураалт маргаангүй, хэвийн болсон гэв

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

Санал хураалт маргаангүй, хэвийн болсон гэв

Гадаад улсад амьдарч, ажиллаж байгаа сонгуулийн эрх бүхий монгол иргэд  УИХ-ын 2012 оны сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийн төлөө саналаа өгч дууслаа. Ийнхүү саналын хуудас бүхий сүүлчийн битүүмжилсэн сав нь АНУ-ын Вашингтон хотоос маргааш хүргэгдэж ирэх бөгөөд  улмаар  хүлээн авсан бүх битүүмжилсэн савыг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд албан ёсоор хүлээлгэн өгнө. Энэ тухай  ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Гадаадад байгаа монгол иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах  хамтарсан комиссын дарга Б.Батхишиг өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

Гадаад улсад амьдарч, ажиллаж байгаа монгол иргэд  Монгол Улсын түүхэнд анх удаа Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхээ эдэлж байгааг тэрээр онцлон тэмдэглээд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газартай 39 улсад  мөн тооны сонгуулийн салбар комисс байгуулж, тэдгээрт 188 хүн ажиллалаа.  Сонгуулийн эрх бүхий монгол иргэдийн 4321 нь сонгуульд оролцохоо илэрхийлж, албан ёсоор бүртгүүлснээс  2779 нь буюу 65 хувь нь ийнхүү саналаа өгсөн байна. Сонгууль маргаан зөрчилгүй, хэвийн явагдсан гэдгийг тэрээр цохон хэллээ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж