Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

Нис нис, Амараа

Нэрт найрагчийн “Нис нис хүлэг минь” гэсэн хэллэг нэгэн цаг үеийн залуусын урам зоригийг бадрааж байсан билээ. Монгол түмний бахархалт хүү, дуурийн дуучин Э.Амартүвшинг дэлхийн тавцанд дахин нэг ялалт байгуулахыг нь сонсоход шууд ийн хэлмээр санагдсан юм. Дэлхийн 19 орны 600-гаад дуучин нэг, хоёр, гурав, төгсгөлийн шийдвэрлэх гэсэн шатанд өрсөлдөхөд тал нутгийн хүү түрүүлээд гараад ирэх юм гэж санасан нь хэд бол. Амараа идэр залуу ч олон таван үг, илүү дутуу хөдөлгөөнгүй. Ердөө байж байгаа нь Пүүжгээ агсныг санагдуулам тэрбээр чимээгүйхэн шиг л П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны хоёрдугаар байрын амжилтаараа өрсөлдөгч дуучдаа сүрдүүлсхийгээд урагшлаад байсан болов уу. Шийдвэрлэх мөчид тэрбээр өөрийн хамгийн дуртай Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголеттогийн  ариг ”Шувууны үүр” театрын симфони найрал хөгжимтэй, алдарт маэстро Домингогийн удирдлагаар дуулсан байна.  Орон орны 13 дуучин ширүүн өрсөлдсөний дараа дүн гарсан. Доминго шүүгчдийн шийдвэрийн талаар танилцуулахдаа “Бидэнд энэ удаа яах аргагүй сайтар бодох хэрэг гарлаа” гэсээр дүнгийн талаар эвлэгхэн гэгч нь тайлбарлахдаа тэргүүн болон дэд байрыг 20 жилийн түүхэнд анх удаа хувааж олголоо гэсэн аж. Тэгсэн ч шагнал урамшууллыг олгох ёстойгоор нь буюу тэргүүн байр эзэлсэн хоёр дуучинд тус бүрт нь 30 мянган ам. доллар олгожээ.

Э.Амартүвшин пүрэв гаригт эх орондоо ирэх бөгөөд маргааш нь өмнө нь төлөвлөсөн байсан тоглолтдоо оролцохоор Тайванийг зорих юм байна. Нис нис, Амараа. Амжилтын оргил өндөрсөх тусам илүү дүүл.

Р.ЖАРГАЛ

"ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж