Бүртгэлийн явц хэрхэн өрнөж буй талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Гадаадад ажиллах хүч илгээх асуудал эрхэлсэн хэлтсийн дарга Ё.Отгонсүрэнгээс тодрууллаа.
-БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл эхэллээ. Зарим дүүргийн хувьд Хөдөлмөр, халамжийн хэлтсийн байрнаас өөр газар бүртгэлийн ажил явуулж байгаатай таарлаа?
-БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний түвшин тогтоох найм дахь удаагийн шалгалтын бүртгэл зургадугаар сарын 11, 12, 13-нд бүх аймаг, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн хэлтсүүдэд үргэлжилж байгаа. Ганц, хоёр халамж, үйлчилгээний хэлтэс байрны хүртээмж муутай учир бүртгэлийн ажлыг өөр газар тов зарлан явуулж байгаа. Үүнд, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн бүртгэлийг тус дүүргийн 12 дугаар хороо, Жанжин штабын байранд , Хан-Уул дүүргийнх 75 дугаар сургууль дээр, Сүхбаатар дүүргийнх Монгол III сургууль дээр явуулж байгаа. Бусад дүүрэгт хэвийн, өөрийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн байранд үргэлжилж байна.
-Орон нутгийн хувьд?
-Тухайн аймгийн Хөдөлмөр, халамжийн хэлтэст болж байгаа. Өмнөх жилүүдтэй харьцуулахад бүртгэлийн ажил очер дугаар багатай, иргэдийг чирэгдүүлсэн зүйлгүй, хэвийн болж байна. Би өөрөө сая нийслэлийн есөн дүүрэгт бүртгэлийн явцтай танилцаад ирлээ.
-Улсын хэмжээнд 10 мянган хүн бүртгэнэ гэж заасан байна. Эмэгтэйчүүдэд квот тогтоосон зүйл бий юү?
-Одоогоор тийм зүйл байхгүй. Гэхдээ БНСУ-ын Хөдөлмөрийн бирж дээр байршихаар ажил олгогч нар сонголт хийхдээ эрчүүдийг сонгох нь илүү байдаг. Ажлын байрны онцлогоос шалтгаалж байгаа хэрэг.
-Хүн ам, оршин суугчдын нягтралаас шалтгаалаад БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийг бүртгэх тоо дүүрэг, аймаг бүрт харилцан адилгүй байдаг. Энэ жилийн тухайд?
-Хүн амын тооноос гадна өмнөх жилүүдийн бүртгэлийн судалгааг үндэслэн квот тогтоосон байгаа. Тухайлбал, энэ жил бүртгэл эхэлснээс хойш 13.00 цагийн байдлаал Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон буюу 198 хүн бүртгүүлсэн байх жишээтэй. Тиймээс тус дүүрэгт 1600 хүний квот тогтоосон. Харин хамгийн цөөн нь Баян-Өлгий аймаг. Өнгөрсөн жил аймгийн хэмжээнд дөрвөн хүн бүртгүүлсэн, энэ жил 20 хүний квоттой.
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийн аймаг, дүүрэгт бүртгэх квот:
- Баян-Өлгий-20
- Говь-Алтай-100
- Завхан-150
- Увс-30
- Ховд-90
- Архангай-90
- Баянхонгор-90
- Булган-110
- Орхон-400
- Өвөрхангай-240
- Хөвсгөл-90
- Говьсүмбэр-30
- Дархан-Уул 470
- Дорноговь-60
- Өмнөговь-40
- Сэлэнгэ-300
- Төв-200
- Дорнод-100
- Сүхбаатар-50
- Хэнтий-90
- Хан-Уул дүүрэг-800
- Багануур дүүрэг-100
- Баянзүрх дүүрэг-1700
- Налайх дүүрэг-260
- Баянгол дүүрэг 850
- Сүхбаатар дүүрэг-750
- Чингэлтэй дүүрэг-1100
- Багахангай дүүрэг-40
- Сонгинохайрхан-1600 хүн тус тус бүртгэх юм байна.
Бүртгүүлэгчид тавигдах шаардлага:
- 18-39 настай байх /1972 оны наймдугаар сарын 27-ноос 1994 оны наймдугаар сарын 26-ны өдрийн хооронд төрсөн байх/
- Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх
- БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх
- Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх
- БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаагүй байх
- БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авч байгаагүй байх
- Эрүүл мэндийн хувьд өвчингүй /Элэгний В, С вирус, Сүрьеэ, БЗХӨ гэх мэт/
Бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт:
- Иргэний үнэмлэхний эх хувь, хуулбарын хамт аль эсвэл гадаад паспортын эх хувь хуулбарын хамт /гадаад паспорттой бол давуу талтай болно/ Иргэний үнэмлэх болон гадаад паспорт хүчин төгөлдөр, сунгалт хийгдсэн байх
- 3,5*4,5 хэмжээтэй хоёр хувь цээж зураг /сүүлийн зургаан сарын дотор авахуулсан байх/
- Шалгалтын хураамж төлсөн баримт. Шалгалтын хураамж болох 24 ам.долларыг Хадгаламж банкны 10210022222 тоот дансанд хүлээн авагч байгууллага Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хэмээн төлсөн байх. /Шалгалтын зар гарсан өдрийн Монгол банкны албан ханшаар төгрөг хөрвүүлэн тооцно/
- Бүртгэлд хамрагдсан иргэд хүндэтгэн үзэх шалтгаанаар бүртгэлээ цуцлах бол хураамжийг буцаан авах нэхэмжлэлээ бүртгэлийн хугацаанд гаргасан тохиолдолд буцаан олгоно. Бүртгэлийн хугацаа өнгөрсөн тохиолдолд буцаан олгохгүй ажээ.
Бүртгэлийн ажил өнөөдөр, маргааш үргэжилнэ. Харин солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг наймдугаар сарын 25, 26-ны өдөр зохион байгуулах юм байна.