Компаниудын чансааг гаргалаа

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

Компаниудын чансааг гаргалаа

“BMW”,
“Sony”, “Walt Disney” компаниуд хэрэглэгчдийн дунд хамгийн их нэр
хүндтэй байгаа гэж “Reputation Institute” агентлагийн судалгаа үзүүлжээ.
Хэрэглэгчдийн дунд нэр хүндээ хамгийн их алдсан компаниар Японы
мотоконцерн “Suzuki”, Ричард Брэнсоны “Virgin Group” ба дампуурч байгаа
фотохолдинг “Kodak” зэрэг тодорлоо. Оросын компаниудаас нэр хүндтэй
компанийн топ-100 жагсаалтад ганц нь ч орсонгүй. ОХУ-ын хамгийн нэр
сайтай 100 компанийн 20 нь өөрсдийн брэндийн нэрээ өсгөж чадсан бол
үлдсэн 80 нь нэр хүндээ алдаж эхэлсэн байна.

Нэр хүндийн
менежментийн салбарын зөвлөх агентлаг “Reputation Institute” жил тутам
гаргадаг хамгийн нэр хүнд бүхий компаниудын топ-100 жагсаалтад Оросын
ганц ч компани багтсангүй. Энэхүү  жагсаалтын хамгийн сүүлд “Lokheed
Martin” гэдэг батлан хамгаалах салбарын компани бичигдсэн байна.

Нэр
хүндээр сайн 100 компанийн дөнгөж 20 нь өөрсдийн брэндийн чансааг өсгөж
чадсан бол үлдсэн 80 нь нэр хүндээ алдаж байна. Илтгэлээ гаргахын тулд
“Reputation Institute” агентлагийн ажилтнууд 15 орны 47 мянган
хэрэглэгчээс асуулга авчээ. Үүнд итгэл, бахархал, хүндэтгэл, сайн
харьцаа зэрэг чанаруудыг багтаажээ.

Global RepTrak Pulse 100
судалгааны дүнгийн дагуу, дэлхийн хамгийн нэр хүндтэй корпорациар
автоконцерн “BMW” тодров. Хэрэглэгчид боломжийн 100 оноос 80,08  гэж
үнэлсэн байна. Жилийн дотор тус компани үнэлгээгээ 0,65 оноогоор
нэмэгдүүлж чадлаа.

Германчууд  “BMW” компаниа 86 балл гэж
үнэлжээ. Уг компани үнэлгээг АНУ, Япон, Канад, Хятадад хамгийн бага
авчээ. Эдгээр орнууд тус компанийг 70 орчим оноогоор үнэлжээ.

“Ийм
хэмжээний оноог дэлхийн зах зээлд авна гэдэг бол том амжилт. Учир нь
гадаад орнуудад өөрийн улсынх шиг зөв зүйтэй сэтгэл зүйн холбоо тогтоох
нь бэрх” хэмээн “Reputation Institute” агентлагийн гүйцэтгэх түнш Каспер
Нильсен Ульф хэлж байна.

Жагсаалтын хоёрт, 79,31 оноотой “Sony”
компани оров. Нутгийнхан нь буюу япончууд “Sony”-г 76,15 оноогоор
үнэлжээ. Харин Өмнөд Солонгост “Sony” хамгийн бага үнэлгээг авч чансааны
50-д бичигджээ.

Жагсаалтын гуравдугаарт 78,92 оноогоор “Walt
Disney” компани оров. Нэг жилийн дотор тус компанийн нэр хүнд 0,58
оноогоор буурсан байна. Америкийн компанийг Япон, Австрали, Орос,
Британи, Италид ихээхэн үнэлдэг бололтой, тэд тус компанийг 84 оноогоор
үнэлжээ. Энэтхэг, Хятад, Франц, Бразилид компанийн оноо нь 70-аас
доогуур байв.

Дөрөвдүгээрт, “Mercedes-Benz” машин үйлдвэрлэгдэг
“Daimler” 78,54, тавдугаарт 78,49 оноогоор “Apple” тус тус оров. “Apple”
өнгөрсөн жил 1,29 оноогоор өнөө жилийнхээс илүү байсан ч есдүгээрт
бичигдэж байсан юм.

Нэр хүндийн чансааны зургадугаарт 78,05
оноогоор хоёр жилийн өмнө чансааг тэргүүлж байсан “Google” оров.
Долоодугаарт  77,98 оноогоор орсон “Microsoft”- анх удаагаа жагсаалтын
эхний 10-т багтлаа. Хорлонтой монополист гэгддэг байсан “Microsoft” энэ
удаа сайн захиргаатай гэж хэрэглэгчид үнэлжээ.

“Volkswagen” 77,04 оноогоор наймдугаарт, “Canon” 76,98 оноогоор есдүгээрт, аравдугаарт 76,35 оноогоор Lego жагсчээ.

Нэр
хүндээ хамгийн ихээр алдаж байгаа компаниуд нь 3,7 оноогоор үзүүлэлтээ
буулгасан Японы  “Suzuki”, 3,3, оноогоо алдсан нь Ричард Брэнсоны 
“Virgin Group”, 3,35 оноогоо алдан дампуурч байгаа “Kodak” фотохолдинг
болов.

“Одоо нэр хүнд гэдэг нь үйлдвэрлэл, хэмжээндээ биш өөрийн
төрх, мөн чанараас илүү хамаардаг болж байна” хэмээн Нельсон дүгнэв.
Компанийн нэр хүндээс хамааран хэрэглэгчдийн 60 хувь барааг нь  худалдан
авдаг ба зөвхөн 40 хувь нь юу үйлдвэрлэж байгаа нь чухал гэж үздэг
гэнэ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж