“Төрийн мэдээлэл”-ийн шинэ дугаар гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл”-ийн шинэ дугаар гарлаа

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай, Хог хаягдлийн тухай, Ойн тухай, Агаарын тухай, Амьтны тухай, Усны тухай хуулиудыг  дагалдаж гарсан хуулиудын хамт бүрэн эхээр нь  нийтэллээ.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд иргэн,  аж ахуйн нэгж, байгууллагад байгалийн нөөц ашигласны төлбөрийг ногдуулах, түүнийг төсөвт төвлөрүүлэх, тайлагнах, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээг хэрхэн тогтоосныг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлээс танилцах боломжтой.

Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай /Шинэчилсэн найруулга/ хуулиар Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2 дахь заалтыг хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, хүний үйл ажиллагааны улмаас байгаль орчны тэнцвэрт байдал алдагдахаас сэргийлэх, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатайгаар байгалийн нөөц ашиглалт явуулах, бүс нутаг, салбарын хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө болон аливаа төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх, хэрэгжүүлэх эсэх талаар дүгнэлт, шийдвэр гаргах, оролцогч талуудын харилцааг зохицуулах юм.

Эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх явдал төрийн болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хамаарах бөгөөд Монгол Улсын газрын нэгдмэл сангийн усны сан бүхий газраас бусад үндсэн ангиллын газарт үйлчлэхээр Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн хүрээг тогтоожээ.

Хог хаягдлын тухай хуулиар хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөллийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хог хаягдлыг бууруулах, ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, устгах, экспортлох болон хог хаягдлыг импортлох, хил дамжуулан тээвэрлэхийг хориглохтой холбогдсон харилцааг зохицуулжээ.
 
Монгол Улсын ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад  эмхэтгэлд нийтлэгдсэн Ойн тухай хуулийн зорилт оршиж байна.

Агаарын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулиар  агаар хамгаалах талаарх төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний нийтлэг эрх, үүргийг тодорхой тусгасны зэрэгцээ ямар байгууллага  агаарын чанарыг тодорхойлох, хяналт шинжилгээ хийх, холбогдох мэдээ, дүгнэлт гаргах, агаарын бохирдлыг бууруулах талаар авах арга хэмжээ, баримтлах үндсэн зарчмыг тодорхойлж өгсөн байна.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Амьтны тухай  хууль бүрэн эхээрээ нийлэгдлээ. Энэ хуулиар амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулах юм.

Усны нөөцийн нэгдсэн менежментийг тодорхойлохын хамт усны харилцааны талаарх төрийн болон бусад байгууллагын бүрэн эрх, усны нөөцийг хамгаалах, усан орчинг нөхөн сэргээх, ус ашиглалт, усны барилга байгууламжийг эзэмших, ашиглах, энэ хуулийг зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэгдсэн Усны тухай хуульд  тодорхой тусгажээ.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ус бохирдуулсны төлбөр ногдуулах, төлбөрийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай болон Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангийн мэдээллийг ашиглах, иргэний үнэмлэхийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг  эмхэтгэлд нийтлэв.

Эмхэтгэлийн энэ дугаарт, Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн  зарлигийг нийтэллээ.

“Төрийн мэдээлэл“ эмхэтгэлийн редакци      
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж