-Дараагийн долоо хоногт ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тараах нэг сая төгрөгий үлдсэн нь болох 670 мянган төгрөгийг тараах гэж байгаа гэж сонссон. Энэ үнэн үү?
-Үнэн. Ийм шийдвэр гарчихсан. Гэхдээ мөнгийг дансанд байршуулаагүй байна. Шийдвэр ёсоор бол дараагийн долоо хоногт тараах ёстой. Ард иргэд маань гэхдээ нэг юм ойлгох хэрэгтэй тэр долоо хоногтоо тараахгүй ч байж болно. Яагаад гэвэл төсөв, мөнгө нь хүндхэн байгаа.
-Засгийн газрын зургадугаар сарын 1-ний хуралдаанаар зарим халамжийг нэмсэн. Ихэр хүүхдэд олгох мөнгө, асран хамгаалагчгүй хүүхэд, насанд хүрсэн хүмүүст олгох мөнгө тараахаар болсон. Энд та ямар хариулт өгөх вэ?
-Одоогоор энэ талаар манай байгууллагад албан ёсоор захирамж, заавар ирээгүй байна. Төсөвт нэмэлт тодотгол хийх ёстой. Тэр нь хийгдээгүй болохоор яг одоо тараана гэсэн үг биш.
-Хүний хөгжлийн 21 мянган төгрөгийг авахгүй хуримтлуулсан хүмүүс зургадугаар сараас хойш хоцорвол авч болох уу?
-Ямар нэгэн шалтгаанаар мөнгөө тухайн жилдээ авч чадаагүй хүмүүс өргөдөл гомдлоо ирүүлээд нөхөн авах боломж бий.
-Хүний хөгжлийн сангаас олгох 21 мянган төгрөгийг зургадугаар сараас олгохоо болино. Цаашид ер нь яах вэ, халамжийн өөр хэлбэрээр мөнгө тараах уу?
Амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур айл өрхүүдийг хэрхэх вэ?
-Хишиг, хувь хүртээх асуудал ирэх долдугаар сарын 1-нээс дуусгавар болно. Үүний дараагаар Нийгмийн халамжийн төслийн хууль хэрэгжиж эхлэх ёстой. Энэ хуулинд заасны дагуу нэн ядуу өрхүүдэд тэтгэмж олгохоор заачихсан байгаа. Гэхдээ үүнийг сар бүрийн 21 мянга шиг бүх хүнд тараана гэж ойлгож болохгүй. Зөвхөн ядуу өрхүүд, нэн ядуу өрхүүдэд тараана гэж ойлгож болно.