Арматур төмөр, тоосго, цементний үнэ өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

Арматур төмөр, тоосго, цементний үнэ өсчээ

Орон сууцны үнэ нэмэгдэнгүүт тайлбар нь барилгын материалын үнэ нэмэгдсэн гэх. Барилгын материалын үнэ яагаад өсөв гэхээр юань, долларын ханш, бензин шатахууны үнэ өссөн, төмөр зам ачаалалтай гэх мэт түмэн тайлбар урган гарч ирнэ. Гэхдээ барилгын материалын үнэ ханш хэрэг хахир хүйтэн өвлийн улиралд барилгын ажил хийх аргагүй Монголд, урин цаг ирэнгүүт хөлтэй болгон хөлхөж, барилга байшингууд амилж эхэлдэгтэй илүү холбоотой. Хавар зунд л үнэ нь өсч  байдаг барилгын материалын ханш ямар байгааг эхлээд хамгийн дундаж ханштай гэгддэг 100-н айл орчмын дэлгүүр, худалдааны төвүүдээс эхэлж харья. Ихэнх байгууллага, аж ахуйн нэгж болон иргэд бүгдээрээ л эндээс барилгын материал худалдан авдаг болохоор…

Жилээс жилд барилгын материалын үнэ өссөөр л байдаг. Энэ жил ч мөн адил. Тэр дундаа барилгын гол материалууд болох арматур төмөр, тоосго, цемент зэрэг гол бүтээгдэхүүний үнэ бүр өсчихөж. Гол тайлбар нь худалдаа эрхлэгчдийн ярьж байгаагаар бол   “Шатахууны үнэ нэмэгдэхийн хэрээр ачаа, барааны тээвэрлэлтийн үнэ өссөн” гэх.  Мөн 100 айлын орчимд газар тавиад юмаа зардаг байсан үе ард үлдэж толь, шил нь гялалзсан дэлгүүртэй болсны хариуд лангууны түрээсний үнэ гэх зүйл дээр нь нэмэгдэж /нэг сарын 450,000-800,000/ үнэ өсөхөд бас хувь нэмрээ оруулж байгаа гэх. Бас хавар болон намрын улиралд төмөр замаар зорчигчдын тоо нэмэгдэхээр тасалбарын үнэ нэмэгддэг, үнэтэй тасалбараар зорчиж бараагаа оруулж ирсэн наймаачид барааныхаа үнийг нэмдэг гэх мэтчилэнгээр гахайнаас хялгасыг нь гуйж, олс томоод найзыгаа аврах гэсэн чинь модноос боргоцойг нь гуйх хэрэгтэй болдог шоргоолжны үлгэр шиг тайлбарууд үргэлжилнэ.

Гэхпээ барилгын материалын зах дээр зарж буй бараа бүтээгдэхүүний үнийг ажиглахад  зарим нэр төрлийн материалын үнэ өсч, харин зарим нь буурсан нь харагдаж байлаа.  Өнгөрсөн жилийн  энэ үед  нэг ширхэг тоосго 150 төгрөг байсан бол энэ жил 300 төгрөг болтлоо өссөн. Тэгвэл нэг уут цемент өнгөрсөн жил 12 мянган төгрөг байсан бол өнөөдөр 7000-8500 төгрөг болтлоо хямдарчээ. Бусад жижиглэнгийн барааны үнэ ерөнхийдөө хэвийн байна 

Барилгын материалын үнэ ийнхүү харилцан адилгүй байгаа шалтгаан нь зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс шалтгаалж байна. Мөн  энэ жилээс 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхтэй зэрэгцэн барилгын салбар нэлээд хөдөлгөөнд орно гэх “шум” аль хэдийнэ таржээ. Тиймээс эрэлт ихэснэ гэсэн хүлээлтээр барилгын материалын үнэ өөрчлөгдөхөөр болоод байгаа аж.  Мөн үндэсний үйлдвэрүүддээ татварын хөнгөлөлт үзүүлэх,  барилгын материалын импортын татварт хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай байна.

Түүнчлэн барилгын материалын үнэ өсөхөд дэд бүтэц, тээвэрлэлтийн байдал ч нөлөөлдөг байна. Барилгын ажил эрчимжсэн өнөө үед барилгын материал худалддаг хүмүүсийн тоо олширчээ. Замын-Үүдийн хил гаалиар сардаа 200-300 мянган тонн барилгын материал орж ирдэг. Ачаалал нь нэмэгдсэн үед  Зам-Үүдэд барилгын материалын бөөгнөрөл үүсдэг, түүнээс болоод үнэ өсдөг гэж барилгын салбарынхан олон жилийн турш гомдоллож байгаа хэдий ч өдгөө байдал хэвээрээ л байна.

100-н айл дахь барилгын материалын “100 айл төв”, “Хараа сүмбэр” ХХК болон “Jobi” төв дэх барилгын материалуудын үнэ

Обой 2500-40000 төгрөг,
цемент 7000-8500 төгрөг,
бетон арматур 15000-16500 төгрөг,
замаск 4000-28000 төгрөг,
хулдаас 9700-13500 төгрөг,
плитаны чигжээс 2100-14000 төгрөг,
гадна ханын эмульс 40000-74000 төгрөг,
дотор ханын эмульс 15000-85000 төгрөг,
пигмент 1800-24000 төгрөг

Б.УРНАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж