Шевченко Украйны баатар байлаа

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

Шевченко Украйны баатар байлаа

Энэ зуны халуухан үйл явдлуудын нэг “Евро-2012”-ын “D” хэсэгт багтсан багууд өнгөрсөн шөнө эхний тоглолтоо хийлээ. Хуваарь ёсоор Англи болон Францын шигшээ багууд энэ хэсгийн салхийг хагалж, Украйны Донецк хотноо “учирсан”. Тив, дэлхийд данстай хоёр багийн тоглолт 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлөв. Энэ хэсгээс хасагдах шатанд шалгарах магадлал хамгийн өндөр гэгдэж буй тус хоёр багийн тоглолтод 30 дахь минутад Английн шигшээ багийн Жолеон Лескотт гоолдож, англичууд тэргүүлж эхэлсэн ч Самир Насри 39 дэх минутад тооны харьцааг тэнцүүлсэн юм. Стивен Жеррардын цохисон чөлөөт цохилтыг хүлээн авч, мөргөж оруулсан Лескотт Европын аварга шалгаруулах тэмцээнд гоолдсон “Манчестер Сити”-гийн анхны тоглогч болжээ.

Тоглолт тэнцээгээр өндөрлөж, Францын шигшээ хожигдоогүй цувралаа 22 болгосон бол Английн баг Рой Хожсоны удирдлага дор гурван тоглолтод ялагдал хүлээгээгүй гэсэн статистик үзүүлэлтийн эзэн болов.

“D” хэсгийн хоёр дахь тоглолт тэмцээний зохион байгуулагч Украйн болоод Шведийн багийн хооронд болсон. Өрсөлдөөнөөс хэдийнэ “хасагдаад” буй Украйны шигшээ “Евро-2012”-ын ээлжит дуулианыг тарьж, Киев хотноо Шведийн шигшээг буулган авчээ. Төрөлх нутагтаа үндэсний баатрын хэмжээнд үнэлэгддэг Андрей Шевченко багаа ялалтад хөтөлсөн хоёр гоолыг оруулсан байна. Тоглолтын эхний гоолыг 52 дахь минутад Златан Ибрагимович оруулж, шведүүд тэргүүлж эхэлсэн ч Шевченко гурван минутын дараа тооны харьцааг тэнцүүлж, удалгүй 62 дахь минутад ялалтын гоолыг оруулжээ. Тэмцээнийг зохион байгуулагчийн хувиар эрхээ авсан Украйны шигшээ ийнхүү D хэсгийг тэргүүлж эхэллээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж