
Өнгөрсөн онд байгуулагдсаныхаа 10 жилийн ойг тэмдэглэсэн ШХАБ ирэх 10 жилийг хөгжлийн жил байх болно хэмээн томъёолж байна.
Энэхүү байгууллагын түүхийг товч дурдвал “Хилийн бүсэд итгэлцлийг бэхжүүлэх тухай” хэлэлцээрт 1996 онд ОХУ, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикстан гэсэн таван орон Шанхай хотноо гарын үсэг зурснаар “Шанхайн тав” хэмээх үйл явц эхэлжээ. Эхэн үедээ “Шанхайн тав”-ын үйл ажиллагаа цэргийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх, аюулгүй байдлыг хангах асуудалд төвлөрч байсан. Эдгээр орон хамтын ажиллагаагаа илүү институцичлэх шийдвэр гаргасанд Узбекистан нэгдэж, 2001 оны зургадугаар сард зургаан орны төрийн тэргүүн нарын Шанхай хотноо хийсэн уулзалтаар Шанхайн хамтын ажиллагааны байгууллага буюу ШХАБ-ыг байгуулсанаа алба ёсоор зарласан. Эдгээр зургаан улс 2002 онд ШХАБ-ын Хартид гарын үсэг зурсан.
Гишүүн орнуудын итгэлцэл, найрамдал, сайн хөршийн харилцааг бэхжүүлэх, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, терроризм, салан тусгаарлах үзэл болон хэт даврах үзлийн бүх хэлбэр, хар тамхины хууль бус наймаатай хамтран тэмцэх нь ШХАБ-ын үндсэн зорилго юм.
Монгол Улс 2004 онд, Иран, Пакистан, Энэтхэг Улс 2005 онд ШХАБ-ын ажиглагчийн статустай болсон. Беларус, Шри Ланк 2009 онд тус байгууллагын яриа хэлцээний түншийн статустай болсон. ШХАБ нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейд ажиглагчийн статустай бөгөөд АСЕАН, ТУХН, НҮБ-тай хамтын ажиллагааны меморандум байгуулсан.
Монгол Улс Төв Азийн бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн хамтын үйл явцад идэвхтэй оролцох гадаад бодлогын зорилтын хүрээнд ШХАБ-ыг тус бүс нутгийн олон талт хатмын ажиллагаанд оролцох нэг чухал суваг гэж үзэн 2004 онд ШХАБ-д ажиглагчийн статустай болсон.
Монгол Улс ШХАБ-ын хүрээнд эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа, тухайлбал, эрчим хүч, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх чиглэлд түлхүү оролцох бодлого баримталдаг. Ажиглагчийн статустай болсоноосоо хойш Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудын төр засгийн тэргүүн нарын уулзалтад тогтмол оролцож, салбарын сайд нарын уулзалт болон бусад арга хэмжээнд зохистой түвшинд орлцохыг эрмэлзэж ирсэн. Тухайлбал, 2005, 2006, 2007, 2010 оны төрийн тэргүүн нарын уулзалтад Ерөнхийлөгчийн түвшинд, 2005, 2008 оны Засгийн газрын тэргүүн нарын уулзалтад Ерөнхий сайдын түвшинд оролцсон. Сайд нарын төвшний уулзалтын тухайд 2005 онд Гадаад хэргийн сайд нарын уулзалт, 2009, 2010, 2011 онд Соёлын сайд нарын уулзалтад сайд болон дэд сайдын түвшинд оролцсон. 2010 онд Ерөнхий прокуроруудын уулзалт, 2009 онд Афганистаны асуудлаарх бага хуралд болон ШХАБ-ын форумын уулзалтууд, эрдэм шинжилгээний зарим хуралд оролцож байв. Эдийн засгийн сайд нарын уулзалт зэрэг зарим арга хэмжээнд зохион байгуулагч оронд суугаа ЭСЯ-дын төлөөлөл оролцож ирсэн.
2007 онд Монгол Улс ажиглагч орнуудын дотроос хамгийн түрүүнд ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг өөрийн орондоо урьж айлчлуулсан. ШХАБ-ын Ажил хэргийн зөвлөлийн ээлжит хуралдааныг 2010 онд Улаанбаатар хотод зохион байгуулсан нь уг зөвлөлийн хуралдаан ажиглагч оронд болсон анхны тохиолдол болсон.
ШХАБ-ын гишүүн орнуудын газар нутгийг нийлүүлэн авч үзвэл 30 сая хавтгай дөрвөлжин км буюу ЕвроАзийн газар нутгийн 60 хувийг хамарч байгаа юм. Хүн амын тоогоор авя үзвэл дэлхийн нийт хүн амын бараг тал хувьд ногдож байна. Тиймээс ч “Энэхүү байгууллагад шавхагдашгүй нөөц боломж, хөгжлийн хязгааргүй ирээдүй байна” хэмээн БНХАУ-ын дарга Ху Жинтао 12 дугаар хуралдааны үеэр санамсаргүй хэлээгүй.
Өнгөрсөн арван жилд ШХАБ нь хөгжлийн тогтвортой, эрүүл хандлагыг хадгалж чадсан төдийгүй байгууллагынхаа бүтцийн эх суурийг тавьж чадсан хэмээн дүгнэсэн. “Дараагийн 10 жилд бид дараах асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай байна. Нэгдүгээрт, энх тайван, тогтвортой байдлыг хангаж, бүс нутагт хөгжлийг хангахад бүхий л боломжоо дайчлах. Хоёрдугаарт, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахын тулд “гурван хорт хүчтэй тэмцэх” шаардлагатай. Гурван хорт хүч гэдэг нь алан хядах ажиллагаа, мансууруулах бодис наймаалах, үндэстэн дамнасан гэмт бүлэглэлтэй тэмцэх юм. Гуравдугаарт, бүс нутгийн орнуудын харилцан хамтын ажиллагаа, хөгжлийг хангахын тулд юун түрүүнд санхүү, эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл болон авто тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлагатай. Дөрөвдүгээрт, ил тод байдал, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд олон улсын тавцанд ШХАБ-ын нөлөөг өргөжүүлэх шаардлагатай байгааг Ху Жинтао онцлон тэмдэглэлээ.
Бээжингийн хуралдаанаар хэд хэдэн ач холбогдол бүхий баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Тухайлбал, Мөнхийн энх тайван, хамтын хөгжил цэцэглэлтийн бүс нутгийг байгуулах тухай тунхаглал, ШХАБ-ын дунд хугацааны хөгжлийн стратегийн үндсэн чиглэлийн тунхаглал, “Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдалд занал учруулах үйл явдлын үед авах улс төр, дипломатын арга хэмжээ болон механизмын тухай журам, 2013-2015 онд терроризм, салан тусгаарлах үзэл, хэт даврах үзэлтэй тэмцэх ШХАБ-ын гишүүн орнуудын хамтын ажиллагааны төлөвлөгөө гэх мэт.
Мөн энэ хуралдааны нэг онцлог нь шинээр нэг ажиглагч, нэг яриа хэлцлийн түншийг шинээр элсүүлсэн явдал байлаа. Афганистан улсад ШХАБ-ын ажиглагчийн статус олгож, Турк улсад яриа хэлэлцээний түншийн статусыг олголоо.
ШХАБ-ын гишүүн орнууд дараагийн арван жилийн хөгжил нь эдийн засгийн хамтын ажиллагаанд үндэслэгдэнэ гэдэгтэй санал нэг байна. Харин энэ эдийн засгийн хамтын ажиллагаа нь энэ байгууллагын хоёр гол орон-Хятад, ОХУ хоёрын харилцан ойлголцлоос ихээхэн хамаарах юм.
Албан бус эх сурвалжаар Бээжингийн хуралдааны үеэр ШХАБ-ын Хөгжлийн Банк байгуулах, төлбөрийн нэгдсэн тусгай данстай байх зэрэг эдийн засгийн хамтын ажиллагааны суурь болсон гол яриа хэлэлцээ амжилт олсонгүй. ОХУ анх санал болгосон Хөгжлийн Банкны асуудал сүүлийн хэдэн жил яригдаж байгаа ч Хятадын талаас энэхүү банкыг Хятадын нутаг дэвсгэрт байгуулах, хятадуудаар банкыг удирдуулах гэсэн хүсэлтийг сөргүүлэн тавьсан нь оросуудад таалагдсангүй. Оросуудын санал болгосноор гишүүн орнуудын төсөв хүндэрсэн үед энэхүү банкаар дамжуулан төсөлд хамруулах замаар санхүүжүүлэх, мөн хамтарсан том төслүүдийг санхүүжүүлэх байсан юм. Үүнтэй учлдан ШХАБ-ын гишүүн орнуудын хооронд худалдааны чөлөөт бүс байгуулах тухай өмнө яригдаж байсан асуудал мөн л ажил хэрэг болж амжсангүй.
ШХАБ-ыг анх байгуулагдах үеэс энэхүү гишүүн орнуудын хоорондын сонирхлын зөрчлийг хэрхэн дарах бол гэдэг нь ажиглагчдын анхаарлыг татаж байсан юм. Ялангуяа Хятад, ОХУ-ын сонирхол мөргөлдөх нь тодорхой гэж үзэж байлаа. Хятад ШХАБ-ын гишүүн орнуудыг Хятадын экспортын барааны маш том зах зээл гэж үзэж, байгууллагын нэг том зориот болох террорикмтэй тэмцэх ажлыг хамтран хэрэгжүүлж, харин эдийн засгийн хөгжлийн стратегийг Хятад гартаа авах ёстой гэсэн байр суурийг баримталж ирсэн. Харин ОХУ-ын хувьд ШХАБ-ын үндсэн зорилгод байгаа “гурван хорт хүчтэй тэмцэх” буюу терроризм, мансууруулах бодис наймаалах, үндэстэн дамнасан гэмт бүлэглэлтэй тэмцэхийг үйл ажиллагааныхаа гол чиглэл болгохыг зорьсоноос биш хэзээ нэгэн цагт оросуудын мэдэлд байсан том зах зээл бүхий улс орнуудын (ШХАБ-ын гишүүн орнуудаас Казахстан, Киргиз, Тажикстан, Узбекистан ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан) эдийн засагт Хятад давамгайлахыг нэг их таашаагаагүй.
Мөн уг хуралдаанаар “Олон улсын автозамын тээврийг хөгжүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлэх тухай ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газар хоорондын хэлэлцээр” хэмээх бичиг баримтыг батлах байсан ч эцсийн мөчид энэ асуудал баталгаажсангүй. Уг нь гишүүн орнуудын зүгээс авто тээвэр, мөн төмөр үамын сүлжээний асуудал ихээхэн хөндөгдсөнийг эх сурвалж өгүүлж байгаа юм.
Харин гишүүн орнуудын зүгээс чухамхүү эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, дэд бүтцийн том төслүүдийг хамтран хэрэгжүүлэхийг чухалчилж байгаагаа Бээжингийн хуралдааны үеэр олонтаа илэрхийлсэн. Тэр бүү хэл ШХАБ-ын бүтцэд Дэд бүтцийн төсөл хариуцсан салбар хороо байгуулах саналыг тавьсан. Хэдийгээр ШХАБ-ын хоёр гол ноёнтон ОХУ, Хятад гол асуудлуудаар үг хэлээ ололцож чадаагүй ч гишүүн орнуудын Хятадтай хэрэгжүүлэх, нефть боловсруулах үйлдвэр, хийн хоолой татах зэрэг төслүүд хэрэгжиж эхлэх ногоон гэрлээ асаасан байна.