Арьс өнгөөр ялгаварласан үзлийг шалгана

Хуучирсан мэдээ: 2012.06.12-нд нийтлэгдсэн

Арьс өнгөөр ялгаварласан үзлийг шалгана

Европын аварга шалгаруулах тэмцээний эхний тоглолтоо амжилттай эхлүүлсэн ОХУ-ын шигшээ багийн хөгжөөн дэмжигчдийг Европийн хөлбөмбөгийн холбооноос шалгахаар боллоо. ОХУ-Чехтэй хийсэн тоглолтын үеэр Оросын хөгжөөн дэмжигчид Чехийн харарьст тоглогч Теодор Жибре Селасиг элдвээр доромжилсон зурагт хуудас барьж, Оросын хөгжөөн дэмжигчид байрлах хэсэгт тулж ирмэгц нь элдвээр харааж байжээ. Мөн гал гаргах хэрэгслийг ч асааж байсныг шалгаж байна. Тоглолтын дараа Вроцлав хотын цэнгэлдэхийн гадаа фанатуудын хэсэг бүлэглэл хар арьстнуудыг доромжилсон үг хэллэгийг хэлэн орилолдож байсан аж.

“ОХУ-ын хөлбөмбөгийн холбоонд бид удаа дараа сануулдаг. Хөгжөөн дэмжигчид нь хар арьст тоглогчдыг доромжилдог, элдэв бусаар хараадаг, цаас, хогоо шиддэг, утаа гаргагч ашигладаг гээд асуудлууд олон бий” гэж Европийн хөлбөмбөгийн холбооны хянан шалгах хорооны төлөөлөгч мэдэгджээ. Харин Европийн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах төвийн хөлбөмбөгийн хэлтсийн дарга Повар “Бид хүн төрөлхтөний нэгээхэн хэсэг шүү дээ. Тэглээ гээд үүнийг спортын их баяр цэнгэл, эв нэгдэлийн бэлгэдэл ийм томоохон наадам дээр гаргаж байна гэдэг бол маш том асуудал. Энэ талаарх бүх мэдээллийг бид цуглуулж байгаа” гэж ярьсан байна.

Вроцлав хотын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Мариуш Соколовски “Бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Дуудлага аваад очиход стадионы гадаа танхай этгээдүүд байсны дийлэнх нь оросоор ярьж байсан. Одоогоор тодорхой хариулт өгөх боломжгүй” гэж хэлжээ.

Ер нь ОХУ-д арьс өнгөөр ялгаварлах үзэл илт бөгөөд ялангуяа хар арьст тоглогчийг тайван байлгадаггүй билээ. Оросын прьемер лигт тоглодог олон хар арьст тоглогчид арьс өнгөөр ялгаварлах үзлийн улмаас тоглох лигээ сольдог ажээ.

Бартон: Миний ааш, зан л намайг Английн шигшээд тоглуулахгүй байгаа юм

Ур чадвар сайтай тоглолтын үеэр гаргадаг хэрцгий тоглолт, муухай ааш зангаасаа болж Английн шигшээд дуудагддаггүй тэрээр твиттер хуудсандаа ингэж бичжээ. Рой Хожсон Английн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч болсоны дараа дуудна гэдэгт итгэж байсан ч ааш зан, үйл хөдлөлөөсөө болоод тэрээр дуудагдаагүй юм. 29 настай тэрээр Английн нэрийн өмнөөс ердөө ганцхан тоглолтонд оролцсон байдаг ажээ. Өнгөрсөн улиралд 26 тоглолтод ахлагчийн тууз зүүн Күинс Парк Рейнжерс багийн нэрийн өмнөөс тоглосон байна. Мөн өнгөрсөн улиралд тэрээр найман шар хуудас, хоёр улаан хуудас авчээ.

“Би Английн шигшээд тоглох бүрэн чадвартай. Гэхдээ ааш зангаас минь болоод Английн шигшээд тоглуулахгүй байгаа юм. Түүнээс биш би Хендерсоноос хамаагүй илүү” гэж Бартон “жиргэсэн” байна.

Рой Хожсон Английн шигшээ багийн гарааны бүрэлдэхүүн өнгөрсөн улиралд Ливерпүүлийн эсрэг тун тааруу тоглосон Жордан Хендерсоныг дуудсан билээ. Энэ нь шүүмжлэгчдийн дургүйцлийг хүргэж байсан юм.

“Мөн тэрээр Английн шигшээ Францыг буулгаж авна гэдэгт итгэлтэй байна. Гарцаагүй, надтай мөрийцсөн ч болно” гэж тэрээр твиттертээ бичжээ.

Германы хөгжөөн дэмжигчдийн гаргасан үйлдлийг шалгахаар боллоо

Европийн хөлбөмбөгийн холбооноос Германы хөгжөөн дэмжигчдийн гаргасан үйлдлийг шалгахаар болжээ. Учир нь Португалтай хийсэн тоглолтын үеэр галт бодис, базсан цаас зэргийг Португалийн тоглогчдын эсрэг шидэж байсан юм. Ялангуяа 72 дахь минутанд Марио Гомезийн гоол орсоны дараа Германы хэсэг тоглогчид Португалийн хөгжөөн дэмжигчдийн суудаг бүс рүү очиж басамжислан үйлдлийг шалгахаар болж байгаа ажээ.

“Эхний гурван хэсгийн тоглолтын дараагаас л бид хянан шалгах үйл ажиллагаагаа эхэлж байна. Өнгөрсөн Европийн аврагын үеэр арай ачаалал бага байсан юм. Бид уг нь үзэгчдэд ийм үйлдэл битгий гаргаасай гэсэн үүднээс ухуулга сурталчилгааны ажлыг их хийдэг ч үр дүнд хүрэхгүй байх шиг байна” гэж Европийн хөлбөмбөгийн холбооны хянан шалгах хэлтсийн төлөөлөгчид мэдэгдсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж