сонгууль ойртож, энэ өдрүүдэд амлалт нэхсэн, дахин амласан өдрүүдэд
үргэлжилсээр. Ер нь бол амлалт нэхэхээсээ илүү амлалтыг нь сануулах нь
зүйтэй байх. Тиймээс “Ардын эрх” УИХ-ын гишүүдийн өнгөрсөн 2008 оны
сонгуульд өгч байсан амлалтуудаас эргэн сануулж байна. Энэ удаад
Чингэлтэй дүүргээс 2008 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн,
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, МАН-аас нэр дэвшсэн, Д.Очирбат нарын
амлалтыг эргэн сануулая. Нийслэлчүүдийн хувьд утаатай, хогтой гэр
хороолол эмзэг сэдэв. Энэ хоёр гишүүн хоёулаа нийслэлчүүдийн эмзэг сэдэв
дээр дөрөөлөн гарч ирсэн гэхэд болно.
“Монголын
улс төрд ногоон мод тарина” хэмээн 2008 оны УИХ-ын сонгуульд нэр
дэвшин, Чингэлтэй дүүргээс гарч ирсэн гишүүн бол Г.Баярсайхан. Дөрвөн
жилийн өмнө түүний мод тарих ажил эхлэх учиртай байсан. Харин тарина
гэсэн модноос хэд нь ургасныг Чингэлтэйхэн төдийгүй нийслэлчүүд дүгнэж
байгаа байх. Нийслэлийнхэнд ногоон мод цэвэр агаар шиг хэрэгтэй бас
улстөрд эрүүл агаар оруулах нь түүнээс дутахааргүй чухал. Тиймдээ ч
Чингэлтэйхэн түүнд 2008 онд итгэл хүлээлгэн сонгосон. Чингэлтэйд эрхэм
гишүүн тэрбум төгрөгөө хэрхэн үрснийг нь эргэн санавал халуун усны
газраас өөр зүйл босгоогүй аж. Халуун усны газар ч гэхээсээ илүү
сонгуулийн үеэр штабаа болгоод ажиллуулчих санаатай барьсан хэдэн объект
нь гэвэл нэг их буруудахгүй биз.
Г.Баярсайханы амласнаар
чингэлтэйчүүд хаусанд амьдарч, улс төр ногоорч эхлэх байсан юм. Далан
давхрын оршуулгын газрын хөрснөөс бусдыг нь сэргээж, жижиг хаустай
жишиг хороолол босгоно гэж амласан улстөрч. Сонгогчдыг уяраасан гол
амлалт нь “Монголын улс төрд мод тарьна” гэсэн шаггүй хөөрхөн уриа,
удаах нь хаус хороолол чингэлтэйд босгоно гэсэн худлаа амлалт байлаа.
2008 онд Г.Баярсайханы ярьж байснаар бол Чингэлтэй дүүргийн 70 давхарын
оршуулга орчмын айлууд бүгд л хаусанд орчихсон хаус хороолол аль хэдийнэ
босчихсон баймаар. Гэвч дөрвөн жил өнгөрчихөөд байхад бахь
байдгаараа, харин ч “чимээгүй хот”хэмээх хаус хотын төв рүү улам бүр
түрэн орж ирсээр.
Гэр хороололд түлээ түлш бус цахилганаар
дулааны систем нэвтрүүлнэ гэсэн бас нэгэн том амлалт өгсөн. Гэвч
амлалтаа биелүүлээгүй. Бүтээн байгуулалтын амлалтаа огт ярихаа больж
гишүүдийн нэгэн адил цаасан дээр үлдээсэн амлалтууд л бичиж тараасан
нэгэн байсан нь харин Чингэлтэйхний “хожимдсон ухаарал” болсон бололтой.
Амлалтаа биелүүлээгүй Г.Баярсайханыг гэр хороололынхон мартаагүй
байгаа. “Эко” ч билүү “ногоон” ч билүү өмнөтгөлтэй Г.Байрсайханыг төрийн
хамгаалалтад орж гишүүний хэргэм зүүхэд хүргэсэн бас нэг том амлалт
байдаг юм. Даанч тэр амлалтаа Г.Баярсайхан ногоотой хоолтойгоо холиод
идчихэж гэхэд болно. Эрхэм гишүүн гэр хорооллынхны түлш түлээ, дугуй
шатаадгийг халж цахилгаанаар халдаг систем нэвтрүүлнэ гэж өмнөх
сонгуулиар өрсөлдөж явахдаа амаа хаттал ярьж, эрүүгээ чилтэл номлосон.
“Танайх мод түлэхгүй, папришка ч түлэхгүй, харин танайх паартай байшинд
даарахгүй амьдарна” гэж амласан нь талаар болчихоод байна. Нөгөө
сонгогдсон дүүргээ ногооруулж, мод тарих “имиж” нь өөрөөс нь дэндүү
холдсон гэдгийг гишүүн өөрөө ч сайн ухаараагүй яваа. Улс төрд туулсан
зам нь шинэ бохир заваантай холбогдоогүй болохоор нь Чингэлтэйхэн өмнө
нь нэг удаа сонгосон.
Чингэлтэйн хүүхдүүдэд циркийн тоглолт
үзүүлэх тасалбар тараасныг эс тооцвол түүний дүүрэгтээ хийсэн бүтээн
байгуулалт ногоорох битгий хэл шарлаа ч үгүй байгаа нь энэ. Чингэлтэй
хайрханыг хаанаас нь ч харсан ногоон харагдуулна гэсэн нь Г.Баярсайханы
зүүд л байж дээ гэх сонгогчид олон бий.
Дөрвөн жил эхлээд
тойрогтоо дараа нь улстөрд мод тарина гэж худлаа амласан Баярсайханы
тариулсан мод лав л ургасангүй. Одоо ч “Урт нэртэй” хууль шигээ
урагшлах ч үгүй, хойшлох ч үгүй гацаанд орчихоод зогсч л байна.
“Монголын улс төрд мод тарья” гэсэн худлаа амлалтад нь хууртсан
сонгогчид удахгүй дүнгээ тавиад өгөх биз. Энэ удаад Г.Баярсайхан
Чингэлтэй дүүрэгт эргэн сонгогдохоор нэр дэвшиж байгаа болохоор амлалтыг
нь дахиад асуугаарай чингэлтэйчүүд ээ.
Хэрэг
хуучирдаггүй гэдэг шиг хэлсэн үг ч бас хуучирдаггүй. Дөрвөн жилийн
өмнө Чингэлтэй дүүргийн Засаг даргаас УИХ-ын суудалд суусан Д.Очирбат
гишүүний амлалт цаасан дээрхээс хэтэрсэнгүй. Эмч мэргэжилтэй, анагаах
ухааны багш, Чингэлтэйн хүү хэмээн овоглосон энэ эрхэм, гэрийг тань
барилга болгодог бирд хэмээн өөрийгөө өргөмжлөн гарч ирсэн. Түүний
амласан амлалтуудыг жагсаавал Нэг цэгийн үйлчилгээ, Барилгажилт, гүүрэн
гарц, өөрөөр төвийлгөөд хэлчих амлалтгүй байсан ч олон жил Засаг дарга
хийсэн түүнд Чингэлтэйчүүд итгэл хүлээлгэн сонгосон юм.
Төрийн
албаныхны хүнд суртал, ачааллыг багасгаж, хороо бүртгээ нэг цэгийн
үйлчилгээ бий болгоно хэмээн амласан. Ажлын хажуугаар тодорхойлолт,
лавлагаа авах гэж урт дараалалд зогсохын оронд хороондоо байрлах нэг
цонхны үйлчилгээ хүсэхгүй хн гэж юу байхав. Гэтэл Нэг цонхны
үйлчилгээний байруудаас нэгийг нь барих нь битгий хэл шавийг нь ч
тавиагүй гэж Чингэлтэйчүүд нэгэн дуугаар хэлэх юм билээ.
Утаа,
хог, хөрсний бохирдлоосоо салах хүсэл нийслэлийн аль ч дүүргийн гэр
хорооллынхонд буй. Олон жил Засаг дарга хийсэн тэрээр дүүргийнхэнд нь юу
чухал, юуг амлавал гарч ирэхээ мэдэж байсан гэхэд болно. Тиймдээ ч
хэдэн жилийн өмнөөс мөрөөдөж буй гэр хорооллыг хэдэн давхар барилгаар
сольж, Чингэлтэйг жинхэнэ хотын бахархал болгоно хэмээн амласан. Дан
ганц гэр хорооллыг бус 40, 50 мянгатын 50, 60 жил элэгдэлд орсон
байруудыг нураан дахин төлөвлөлтөд оруулж 15-аас дээш давхар барилга
барина, гурван байшингийн газрын нэгд нь өндөр байшин барьж, үлдсэн хоёр
байшингийн газар цэцэрлэгт хүрээлэн барина гэх сайхан амлалт бий. Гэтэл
өнөөдөр 40, 50 мянгатын хуучин барилгууд байсан байрандаа. Гэр
хорооллыг барилгажуулах амлалтаас нь биелсэн гэвэл хороодын дарга нарын
байраас өөр гялтах юмгүй, Хайлаастын харанхуй хороолол, Дэнжийн мянгын
навтгар цагаан байрууд, зурагтынхан ч мөн зугаалах газаргүй буйраа
зассан ч, өнгө төрх засаагүй хэвээр.
Түүний бас нэгэн амлалт нь
Чингэлтэй дүүргийнхээ авто замын осолд хамгийн их гардаг, тэр осолд нь
бага насны хүүхдүүд их өртдөг газруудад нүхэн гарц хийж замын
хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах амлалт өгч, үүрэг авсан. Хүүхдээ зам
хөндлөн аюулгүй гаргах хүсэл олон эцэг эхэд байсныг мэдэж байсан тэрээр
УИХ-ын гишүүн болсон эхний жилдээ багтаагаад л гарц хийчихээ амласан юм.
Замын түгжрэл, ачааллаа даахгүй байгаа энэ үед нүхэн гарцнаас өөр
сонголтгүй нийслэлчүүдийн хувьд биелэх хүсэл байсан ч Д.Очирбат гишүүний
хувьд биелүүлэх хүсэл байгаагүй бололтой. Мөн тойргийнхоо 300 гаруй
иргэддээ тус бүр 1,5 сая төгрөгийн үнэтэй гэрийг сан хөмрөгөөсөө олгож,
батламж гардуулсан сайн үйлсээс өөр түүнийг амлалтаа биелүүлсэн эсэх нь
нүдэнд харагдаж, гарт баригдах нь ховор. Гэхдээ олгосон гэр нь эзнээ
олдоггүй гэх шүүмжлэл чингэлтэйчүүдийн дунд жиргэдэг юм билээ.Тэрбээр
энэ удаад Чингэлтэй дүүрэгтээ улиран сонгогдохоор нэр дэвшиж буй. Харин
энэ жил барилгажуулалт, нүхэн гарц, нэг цэгийн үйлчилгээ амлах эрхгүй
болсон.
Д.Очирбат, Г.Баярсайханыг ч дахин сонгох, эс сонгох эрх нь чингэлтэйчүүдэд бий.
