Н.Энхбаяр нарыг шүүх хурал өмнө нь хоёр удаа хойшилсон. Тодруулбал, өнгөрсөн сарын 24-нд товлогдсон өмнөх шүүх хуралд Н.Энхбаяр шүүх танхимд эрүүл мэндийн шалтгаанаар хүрэлцэн ирээгүй тул хурлын товыг хойшлуулсан юм. Харин энэ сарын 4-нд болсон хуралд шүүгдэгч Н.Энхбаяр өөрийн биеэр ирсэн боловч өмнө нь эрх зүйн туслалцаа авч байсан өмгөөлөгч Б.Ганбаатар, Л.Шинэн нараас татгалзсанаар шүүх хурал өнөөдрийг хүртэл хойшилсон билээ.
Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 150.3 дугаар зүйлд зааснаар буюу “Бусдад их буюу онц их хэмжээний хохирол учруулсан”, 163.2-т зааснаар ”Давтан буюу бүлэглэж, эсхүл албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, түүнчлэн их хэмжээний орлого олсон” гэсэн зүйлчлэлээр буруутгаж байгаа юм. Хэрэв тэдний гэм буруутай нь тогтоогдвол эд хөрөнгийг нь хурааж, 5-10 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэх хуулийн заалттай ажээ.