Арванхоёр ерөнхий сайд, зургаан Ромын хамба, 216 гадаад айлчлал, үүний 78 нь 116 оронд хийсэн төрийн хэмжээний айлчлал. Энэ бүгд нь Их Британийн хатан хаан II Елизаветагийн туулсан амьдралын өчүүхэн хэсэг. Одоохондоо түүний хаанчлал Британийн түүхэнд хоёр дахь урт хугацааны засаглал болоод байгаа юм. Түүнд Хатан хаан Викториягийн 63 жилийн хаанчлалын дээд амжилтыг эвдэхэд өгчүүхэн хугацаа үлдээд байна.
Олон жилийн турш хатан хааны нэр алдар огт буурсангүй, харин ч нэмэгдэв. Хэдэн арван сая британичууд бороо устай байсан ч хатан хааны “Очир эрднийн” ойн арга хэмжээнд үнэн сэтгэлээрээ оролцож хатан хаанаараа бахархаж байна. Саяхан болж өнгөрсөн үйл явдлуудын гол хэсэг нь Темза мөрнөөр хөвсөн усан онгоцнуудын парад болов. Энэ парад хамгийн хамгийнаараа Гиннессийн дээд амжилтын номонд бүртгэгдлээ.
Өөрийн эцэг VI Георг хаан нас барсныг Елизавета гүнж 1952 оны хоёрдугаар сарын 6-нд нөхрийнхөө хамт Кенид амарч явахдаа мэджээ. Дараагийн жилийн зургадугаар сард нь тэрээр Их Британийн хатан хаан ба дайны дараа сэргэн босохоор оролдож байсан хэдэн арван улсыг нэгтгэсэн Хамтын нөхөрлөлийн орнуудын тэргүүн болов.
86 насандаа хатан хаан үндэстний эв нэгдлийн амьд бэлгэдэл нь болсон байгаа. Виктория хатан хааны “Очир эрдэнийн өдөр” ганцхан хоног үргэлжилсэн бол түүний ач охин Елизаветагийн “Очир эрднийн өдрүүд” хэд хоног үргэлжлэв. Өөдрөг бус үзэлтнүүд түүний үнэнч хамжлагууд “сүүлийн удаа зугаалж цэнгэлээ” гэж байгаа.
Елизаветагийн хүү Чарльз жонон ч өөрийн дээд амжилтаа тогтоогоод байна. Тэрээр хаан ширээ залгамжлагч статусыг хамгийн урт хугацаанд эдлэн өмнөх залгамжлагчдыг ардаа орхин Уэльсийн жононгуулын хамгийн өндөр настай нь болов. Ингээд хатан хааны арванхоёр дахь ерөнхий сайдтай euronews-ийн хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Али Шейхолеслами, euronews: – II Елизаветагийн захиргааны үеэр Их Британи 12 ерөнхий сайдын нүүрийг үзжээ. Өнөөдөр бидэнтэй тэдний арванхоёр дахь нь болох Дэвид Кэмерон түүх болон Британийн хааны өнөөгийн үүрэг, нөлөөний талаар ярилцаж байна. Ноён ерөнхий сайд аа, та анх хатан хаантай уулзахдаа есөн настай байжээ. Тэр үед ямар сэтгэгдэл төрсөн бэ?
– Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон: Анх түүнийг харахад би есөн настай байсан юм чинь лав л хэзээ нэгэн цагт ерөнхий сайд болно гэж бодоогүй байсан нь лавтай. Тэр үед би сургуулийн сурагч, жаахан хүүхэд байлаа. Санаж байхнаа тийм боломж гарсанд гайхаж догдолж л байсан байх. Харин Ерөнхий сайд болоод Хатан хаанаас Засгийн газар байгуулах үүрэг авахаар машинаасаа гараад Букингемийн ордны шатаар өгсөж явсан тэр эгшинг мартах ёсгүй. Би эвслийн засгийн газар байгуулна, танхимаа бүрдүүлэхийн тул би боломжийн бүхнээ хийнэ, хэрэв үүнийг хийж чадвал би таньд эргэн ирж мэдээлнэ гэж хэлсэн юм. Аз болоход ажил минь бүтсэн билээ.
– Еuronews: Таны бодлоор, “очир эрдний ой” улс орон гэдгийнх нь хувьд Их Британид ямар үүрэг нөлөөтэй вэ? Хатан хааны захиргаан дор энэ улс орон ямар замыг туулав аа?
– Дэвид Кэмерон: Улс орон маш урт замыг тууллаа. Эргэн санах юм бол, 60 жилийн өмнө дайн дөнгөж дууссан, хүнсний карттай, өөр олон асуудал, ээдрээ ихтэй байлаа. Тэр цагаас хойш улс орон өөрчлөгджээ. Өнөөдөр бид хоёр зүйлийг тэмдэглэж байна гэж би бодож байна. Нэгдүгээрт, ер бусын хувийн дээд амжилт. Хаан ширээнд 60 жил суун ард түмэндээ алба хаан зориулсан жилүүд. Хамтын нөхөрлөлийн орнуудад ч дэлхийд ч эдгээр гайхалтай 60 жилд түүний хийсэн ганц ч болчимгүй алхам гээд дурсах зүйлийг олохгүй. Нөгөө талаасаа Их Британид бид хаант засгийн ойг түүхийг, ардчилал, сонгууль ба эрх чөлөөний үзүүлэлтийн институци гэдэг утгаар нь тэмдэглэж байна. Их Британи зөв замыг сонгосон гэж би боддог. Энэ зам бол бүхнийх биш зөвхөн манай зам, энэ утгаараа хаант засаглал бидэнд сайнаар үйлчилсэн гэж би үздэг. Хаант засаглал нь улс төрөөс гадна, үндэсний эв нэгдлийн бэлгэдэл болдог юм. Ойн баяраар яг ийм байгааг, хүмүүсийн нэгтгэж чадаж байгаа та нар харсан гэж би төсөөлж байна.
– Еuronews: Та хатан хаантай өдөр бүр уулздаг хүн. Британид ч гадаадад ч энэ бол зүгээр л нэг британи уламжлал гэж хэлэх хүн бишгүй байгаа болов уу. Тийм үү, үгүй юу?
– Дэвид Кэмерон: Үгүй. Энэ бол Үндсэн хуулийн чухал хэсэг. Учир нь хатан хаан бол Төрийн тэргүүн. Манай байдлаар бол сонгогдсон ерөнхий сайд, танхим нь шийдвэр гаргадаг, хатан хаан бол улсын ёслол төгс бэлгэдлийн лидер. Гэхдээ би хаантай уулзан, асуудлыг хэлэлцэж, өөрийн байр сууриа тайлбарлахыг ерөнхий сайдын чухал үүрэг гэж боддог. Уинстон Черчиллиэс эхлээд 12 ерөнхий сайдтай байсан дэлхий даяар аялан, бүхнийг сонсч бүхнийг харсан дэлхийн бараг бүх орны төр засгийн тэргүүн нарыг мэдэж байгаа хүн үнэтэй зөвлөмж өгч, ажил хэрэгч асуудал тавьж чадна.
– Еuronews: Ирж буй олимп Лондон ба Их Британийн хувьд ямар үр дагавартай бол?
– Дэвид Кэмерон: Энэ жил Британийн хувьд чухал он гэдэг нь ойлгомжтой. Бид өөрсдийгөө дэлхийд харуулж чадах жил юм. Зүүн Лондонд Олимпийн буянаар уналтад байсан районуудад бүтээн байгуулалт, цоо шинэ өөрчлөлт хийгдлээ. Гэхдээ л минийхээр бол өөрсдийгөө дэлхийд нээж, ийм нэг улс байна, бидэнд өөрсдийн эдийн засгийн асуудал байна, гэхдээ манай босгонд нэгдсэн европ зах зээл ирж байна, бид Америк, Японы дунд оршдог, бид бизнесийн хэл болох англиар ярьдаг гэж хэлэх нь хамгийн чухал. Дэлхийн шилдэг их сургуулиудын нэг, амьд ажил хэрэгч орчин, агуу соёл, урлаг, шинжлэх ухаан гээд бүгд бидэнд байна. Ирцгээ, харцгаа гэж уриалж байна. Энэ бол Их Британийн хувьд асар том боломж. Олимп залуусыг спорт, тэмцээнд татахад туслана гэж би бодож байна.