Мехико хотод болох “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтаар Сирийн дотоодын улс төрийн хямралаас илүү дэлхийн эдийн засгийн доройтол, Европын өрийн хямралын асуудлыг хөндөж хэлэлцэх нь зүйтэй хэмээн Хятадын дипломат ажилтан мэдэгджээ. Сирид 15 сар үргэлжилж буй иргэний дайны хөлд 13,000 хүн амиа алдсан тухай НҮБ-ын шинжээчид мэдээлж байгаа юм. АНУ болон өрнөдийн орнууд Сирид өрнөж буй цуст мөргөлдөөнийг зогсоох шуурхай арга хэмжээ авахаар хэдэн сарын турш хэлэлцэж буй авч, Аюулгүйн зөвлөлийн хоёр орон Хятад, ОХУ үүнд хориг тавьсаар өдий хүрсэн билээ. Өнгөрсөн долоо хоногт Бээжинд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ, Хятад хамтарсан мэдэгдэл гаргаж, Сирийн дэглэмийг унагах цэргийн ажиллагаа явуулахыг эсэргүүцсэн юм. Хятадын Гадаад харилцааны дэд сайд өнөөдөр Сирийн хямрал улам дордож буйд санаа зовж буй авч “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын гол сэдэв Сирийн асуудал биш хэмээн мэдэгдэл хийсэн гэнэ. Тэрбээр “Сирийн асуудал өнөөдөр дэлхийн бүх хүний санааг зовоож байгаа ч гэсэн их гүрний удирдагчдад үүнээс чухал улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын талаар хэлэлцэх олон асуудал бий” гэжээ.
Н.ЭНХ