Хөдөө аж ахуйн тооллого явуулах улсын комисс Монгол Улсын Статистикийн тухай хууль болон Засгийн газрын 137 тоот тушаалын дагуу тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 15-ны хооронд ажиллаж байгаа юм. Орон нутаг дахь тооллого ерөнхийдөө гүйцсэн бол нийслэлийн тооллого 90 хувьтай байгаа бөгөөд энэ долоо хоногтоо багтаан дуусгах ажээ. Судалгаанаас харахад, тооллогод газар тариалан эрхэлдэг 32815 өрх, 1707 аж ахуй нэгж байгууллага, 70 мянга гаруй мал аж ахуй эрхэлдэг иргэд, 10 гаруй загас, ан агнуур аж ахуй эрхлэгч, 227 ойн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж тус тус хамрагдсан байна.
Энэ удаагийн хөдөө аж ахуйн тооллогод ой, загас, ан ангуурын үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгж, өрхийг хамруулснаараа онцлог юм. Жил бүрийн хөдөө аж ахуйн тооллогоор энэ салбарын 30-аад төрлийн үзүүлэлтийг гаргадаг байсан бол одоо 500-гаад төрлийн үзүүлэлтээр гаргах болсон тухай албаныхан онцолж байна. Тухайлбал, энэ салбар дахь ажиллах хүчний талаарх цогц мэдээлэл, үүнд, нийгмийн халамж, үйлчилгээг хэрхэн авч байгаа талаарх, энэ салбарт ажиллаж буй машин тоног төхөөрөмжийн үзүүлэлт, барилга байгууламж, хөрөнгө оруулалт, түүний ашиглалт, хөрсний бохирдлыг нэмж судалсан юм байна. Харин эдгээр тоон үзүүлэлт нь одоогийн байдлаар анхан шатны суурь мэдээлэл болох ба 2012 оны сүүлч гэхэд эдгээр үзүүлэлт дээр тулгуурлан хөдөө аж ахуйн салбарын бодлого, хөтөлбөрт нөлөөлөхүйц анализ гаргахаар төлөвлөжээ.