ЭЕШ-ын үеэр хэд хэдэн зөрчил илэрчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.11-нд нийтлэгдсэн

ЭЕШ-ын үеэр хэд хэдэн зөрчил илэрчээ

Арван жилийн сурагчдын амьдралын гараагаа эхлэх шалгуур болох элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 8-наас гурван өдөр орон даяар үргэлжилж, дууслаа. Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтыг улсын хэмжээнд нийт 43087 сурагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Шалгалтыг нийт 52 шалгалтын төв буюу 5556 зааланд зохион байгуулжээ. Хэдийгээр шалгалтад 43 мянга гаруй шалгуулагч бүртгүүлсэн гэх ч шалгалтаасаа хоцорсон сурагч их байсан аж. Тиймээс шалгалтад яг хэдэн хүн орсон талаар Боловсролын үнэлгээний төвөөс тодруулахад, “Шалгалтын дүн, оноог албан ёсоор гаргах үеэр хэдэн шалгуулагч бүртгүүлсэн гэдэг нарийн үзүүлэлт гарна” гэлээ. Юутай ч энэ удаагийн шалгалтад давхардсан тоогоор математикаар 36924, нийгмийн хичээлээр 29289, англи хэл 31321, физикийн хичээлээр 24190 сурагч өгөхөөр тус тус бүртгүүлсэн байна.

Зөв хариултаа тулгаарай

Энэ өдөр бол зургадугаар сарын 15. Шалгалтандаа аль хариултыг сонгосноо мэдэж байгаа бол шалгалтын дүн албан ёсоор гарахаас өмнө өөрөө тулгаарай. Зөв хариултыг зургадугаар сарын 15-нд Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтанд байрлуулах гэнэ. Тиймээс холбогдох мэдээлэл болон нууц кодоо ашиглан орох боломжтой юм байна. Харин албан ёсны дүн, оноог долдугаар сарын 1-ны 9.00 цагт www.eec.mn вебсайтад байрлуулж, нийтэд мэдээлэх ажээ. Шалгалтын дүн, оноог гэрчлэх батламжийг долдугаар сарын 1-3-ны өдрүүдэд тараах гэнэ. Дүн, оноогоо интернэтээр шалгахыг хүсвэл өөрийн бүртгэлийн дугаар болон нууц кодоо ашиглан www.eec.mn сайтад орж, харах боломжтой ажээ. Нийслэлийн төгсөгчид батламжаа төгссөн сургуулиасаа, хөдөө орон нутгийн төгсөгчид өөрийн аймгийн Боловсролын газраасаа авах юм байна. Харин өмнөх онд төгссөн нийслэлийн шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвийн заасан газраас, хөдөө орон нутагт өмнөх онд төгссөн шалгуулагч аймгийнхаа Боловсролын газраас авах гэнэ. Энэхүү батламж нь хоёр жилийн хугацаанд хүчинтэй ба хаяж гээсэн бол дахин олгохгүй тухай Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна.

Ямар сургуульд орох вэ?

Сургуулиудын тухайд шалгалтын дүн, оноо гарсны дараахнаас эхлээд элсэлтээ авч эхлэх буюу бүртгүүлсэн сурагчдаа оноогоор нь жагсаах юм. Ихэнх сургуулиуд ЭЕШ-ын дундаж болох 400 оноог босгоор зарлаж байгаа. Босго онооноос л давчихвал сургуульдаа орчихно гэсэн андуу бодлыг орхих хэрэгтэй. Учир нь босго оноо бол тухайн сургуульд бусад сурагчтай өрсөлдөх эрхээ олж авч байгаа оноо гэсэн үг. Тэгэхээр хэдий чинээ өндөр оноотой байна, төдий чинээ дээгүүр жагсч, сургуульдаа орох боломж нээгдэх нь.

ЭЕШ-ын зөрчил

Элсэлтийн ерөнхий шалгалтын эргэн тойрон дахь зөрчил, гомдол иргэдээс ирж байгаа аж. Тухайлбал, химийн хичээлийн шалгалтын D вариантад алдаа гарсан буюу, зөв хариулт байхгүй байсан гэсэн гомдол байгаа ажээ. Завхан аймагт шалгалтын хуудсан дээр наадаг зориулалттай 50 баганан код дутсан гэнэ. Иргэдийн зүгээс элсэлтийн шалгалтыг өгөхдөө зөв хариултаа будахын тулд бага ч гэсэн зураас илүү гаргасан бол тооцдоггүй, ихээхэн анхаарал шаарддаг байтал боловсролын газраас хамааралтай энэхүү алдааг шүүмжилж байсан. Энэхүү баганан код нь шалгалтын дүн оноог хянахад ихээхэн нөлөөтэй учир 10 жилээ төгсч, амьдралаа эхлүүлэх гэж байгаа сурагчдад маш хохиролтой байна гэж байсан. Энэ бүх гомдлыг Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн ерөнхий шалгалтын комисс хүлээн авч байгаа аж. Ингэхдээ шалгалтын дараа ажлын таван хоногт багтаан гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх юм байна. Тиймээс шалгалтын тухай гомдлыг Боловсролын үнэлгээний төв болон хөдөө орон нутгийн иргэд аймгийнхаа Боловсролын газарт хандан, шийдвэрлүүлэх боломжтой ажээ.

Өнгөрсөн жил 39043 сурагч бүртгүүлж байжээ

Өнгөрсөн жилийн ЭЕШ-танд бичигт  баримт дутуу, хувийн мэдээлэл зөрөх зөрчил гарсан бөгөөд 39043 сурагч бүртгүүлж байжээ. Энэ жилийнхтэй харьцуулахад шалгалт өгөхөөр бүртгүүлсэн сурагч 4000 гаруйгаар бага байжээ. Шалгалтын тухайд математик, физик, англи хэл, нийгмийн тухай мэдлэг хичээлээр түлхүү өгч байсан ажээ. Энэ жил энэ хандлага ч үргэлжилсэн гэж хэлж болохоор. Учир нь цаг тутам нийгмийн бүхий л салбарт боловсон хүчнийг шинээр бэлтгэх, чадавхижуулж байх  хэрэгтэй зүй тогтлоор зам, барилга, уул уурхайн салбарт хөл тавьж ажиллахын тулд математик, физикийн зайлшгүй мэдлэгтэй байх учиртай. Түүн дээр хувь хүн болж төлөвших, нийгмийн үндсэн харилцаа болон гадаад хэлний мэдлэг нэмэгдэх нь. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаагаас гадна хөдөө аж ахуйн салбарт ахиц дэвшилтэй байгаа гэх бөгөөд энэ салбарын түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой, чанартай хэмээн олон улсын экспертүүд хэлж байгаа. Тиймээс уул уурхай, хөдөө аж ахуйн мэргэжилтэн, малын эмч зэрэг мэргэжил, ажлын байр эрэлттэй байх магадлалтай тухай албаныхан онцолж байгаа. Ингээд шалгалтын том давааг тууллаа. Харин дүн оноогоо тулгаж, элсэн орох сургуулиа тоочиглох л үлдлээ.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж