“Оскар”-ын шагналт жүжигчин Натали Портман өчигдөр 31 нас хүрчээ. Гэвч Натали Холливудын алдартнууд шиг гял цял болсон тансаг үдэшлэг зохиолгүй хайртай хүмүүстэйгээ даруухан тэмдэглэсэн гэнэ. Жүжигчин бүсгүй нөхөр, хүүгийнхээ хамт Лос Анжелесын Венец дүүрэг дэх нэгэн ресторанд төрсөн өдрөө тэмдэглэж, үдийн зоог барьсан аж. Төрсөн өдрийн зоогт жүжигчний аав ч мөн очсон гэнэ. Натали Портман франц балетчин Бенжаминтай “Хар хун” киноны зураг авалтын үеэр танилцаж, киноны дүрээр “Оскар”-ын шагналын эзэн болохдоо сүй тавьснаа зарласан билээ. Жүжигчин бүсгүй хүүтэй болсноос хойш киноны ажлаа түр хойш тавьсан бөгөөд ирэх жил “Knight of Cups” хэмээх киноны зураг авалтад ханцуй шамлан орж, Холливудад эргэн очихоор төлөвлөж байгаа гэнэ.
Н.ЭНХ