С.Баяр, Д.Зоригт, Х.Баттулга нараас бусдын гэмийг шийтгэсэн эсэхийг нь УИХ асууна

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

С.Баяр, Д.Зоригт, Х.Баттулга нараас бусдын гэмийг шийтгэсэн эсэхийг нь УИХ асууна

Төрийн албан хаагчид жил бүр хөрөнгө орлогоо Авлигатай тэмцэх газарт мэдүүлэх ёстой. Энэ жилийн хувьд хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй цөөнгүй албан тушаалтан бий. Тэдний хөрөнгө орлогоо мэдүүлээгүй, нуун дарагдуулсан шалтгааныг Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа аж.

Шалгалтаар хөрөнгө, орлогоо санаатайгаар нуусан нууц хөрөнгөтнүүдэд хариуцлага тооцохыг удирдлагуудаас нь шаардаад байгаа гэнэ. Мөн Төрийн ордонд энэ сарын 12-нд болох нээлттэй сонсголын үеэр хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн ажилтнууд, тэдэнд хариуцлага тооцох учиртай албан тушаалтнуудаас тайлбар сонсохоор болжээ.

Энэ удаагийн нээлттэй сонсголд Ерөнхий сайд асан С.Баяр, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга нар дуудагдаад байгаа.

АТГ-ын шийдвэрийг биелүүлээгүй бол 150-200 мянган төгрөгөөр торгодог

Хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй ажилтан, албан тушаалтнуудын талаар Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан М.Энх-Амараас тодрууллаа.

-Хөрөнгө, орлогоо хугацаанд нь мэдүүлээгүй хэдэн албан тушаалтан байгаа вэ. Ямар учраас орлогоо нуугаад байгааг тогтоосон уу?

-Хөрөнгө, орлогоо огт мэдүүлээгүй 38 албан тушаалтан байгаа. Тэднийг ямар учраас хөрөнгө, орлогоо мэдүүлээгүйг судалж байж ямар хариуцлага тооцохыг шийддэг. Харин орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан, нуусан албан тушаалтанд хариуцлага тооцох тухай албан бичгийг байгууллагынх нь дарга нарт явуулсан.

Төлөвлөгөө ёсоор энэ жил Авто тээврийн газар, Стандартчилал хэмжил зүйн газар, Эрдэс баялаг, эрчим хүчний яам зэрэг байгууллагын албан тушаалтны хөрөнгө орлогыг шалгаж эхэлсэн. Авто тээврийн газраас л гэхэд багагүй зөрчил илрээд байна. Мөн Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын ажилтнуудыг шалгаж 12 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан.

-Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн бол ямар хариуцлага тооцуулдаг юм бэ?

-Ажлаас халах, түдгэлзүүлэх, огцруулах үндэслэлийг байгууллагын удирдлагад нь тавьж явуулдаг.

-Танайхаас албан бичиг явуулдаг. Харин байгууллагын удирдлагууд нь хууль зөрчсөн албан тушаалтандаа хариуцлага тооцдоггүй юм биш үү?

-Энэ сарын 12-нд болох нээлттэй сонсголын үеэр энэ асуудлыг хөндөж ярилцах болно. Манай газрын шийдвэр, хууль нь болохгүй байна уу, эсвэл авлигатай тэмцэх хүсэл сонирхол алга уу гэдгийг нь шаардлага биелүүлдэггүй дарга нараас асууж, цаашдаа хэрхэхээ ярилцах болно.

-Нэгэнт албан тушаалтан нь хууль зөрчсөн бол өмөөрч байгаа даргад нь ямар нэгэн хариуцлага тооцох уу?

-Авлигатай тэмцэх газрын бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийг аж ахуйн нэгж байгууллага, түүний удирдах албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй гэж хуульд заасан. Хуулийн энэ заалтыг зөрчсөн бол 150-200 мянган төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.

Авто тээврийн газар анхаарлын төвд оржээ

Авлигатай тэмцэх газар төлөвлөгөө ёсоор Авто тээврийн газрын 64 ажилтны хөрөнгө орлогын мэдүүлгийг хянажээ. Үүнээс зөрчилтэй байж болох, хөрөнгө орлогын мэдүүлгийн эх үүсвэрээ тайлбарлаагүй 17 ажилтныг шалгасан байна. Тэднээс дөрвөн албан тушаалтан хөрөнгөө худлаа мэдүүлсэн нь тогтоогджээ.

Үүнд Авто тээврийн газрын ахдах мэргэжилтэн Ч.Болор "Рекстон", "Мерседес Бенз" маркийн автомашинаа нуужээ. Мөн "Эп Эл Эс" компанид 100 ширхэг хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлсэн байсныг нь шалгахад тус компанийн тал хувийг нь эзэмшдэг болох нь тогтоогджээ. Үүнээс гадна банкин дахь хадгаламжаа ч худал мэдүүлсэн байна.

Түүнээс гадна дээрх байгууллагын Тээврийн хэлтсийн мэргэжилтэн Т.Мөнх-Эрдэнэ микро автобусаа нууж мэдүүлсэн байна. Мөн "Тоёото" маркийн автомашинаа борлуулсан 27 мянган ам.доллараа мэдүүлээгүй байна. Мөн Голомт банкинд 15 сая төгрөгийн хадгаламжтай гэж худал мэдүүлсэн байна. Өөрийнхөө нэр дээр болон, нөхрийнхөө нэрдээр бүртгэлтэй орон сууцуудаа нуусан албан тушаалтан бол Авто тээврийн газрын Тээврийн хэрэгслийн оношилгоо, бүртгэл, техник технологийн хүний нөөцийн мэргэжилтэн С.Үүрийнтуяа.

Тэрбээр, хөрөнгө, орлогын мэдүүлгийн "Барилга байгууламж" гэсэн хэсэгт нөхрийнхөө өмчлөлд бүртгэлтэй, Баянгол дүүргийн нутагт байдаг гурван өрөө орон сууц, Хан-Уул дүүрэгт байдаг таван өрөө орон сууцаа мэдүүлээгүй байна. Түүний нуусан хөрөнгө хоёр орон сууцаар дууссангүй. Сүхбаатар дүүрэгт байдаг гурван өрөө орон сууц, Хан-Уул дүүрэгт байдаг амины орон сууцаа ч олноос нуухаар шийджээ. Мөн 641 метр.кв газар, "Арвис констракшн" компанид хувь эзэмшдэгээ нуужээ.

Тус газрын Тээврийн хэрэгслийн оношлогоо, бүртгэл техник технологийн хэлтсийн дарга Ч.Сэлэнгэ Сүхбаатар дүүргийн нутаг дахь 595 метр.кв газраа хөрөнгө, орлогодоо мэдүүлээгүй байна. Мөн өөрийн эзэмшлийн "Эс Ий Ай" компани, нөхрийнхөө "Түвшин-Ориент" компанийг нуусан байна. Дээрх албан тушаалтнууд нь Авлигын эсрэг хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дугаар зүйлийг зөрчсөн тул Авлигатай тэмцэх газраас Авто тээврийн газрын дарга Л.Цэнгэлд албан бичиг хүргүүлээд байгаа аж.

Авто тээврийн газрын Хүний нөөцийн газрын дарга н.Баясгалангаас хөрөнгөө худал мэдүүлсэн дээрх албан тушаалтанд ямар хариуцлага тооцох талаар асуухад"Энэ асуудлыг байгууллагын төвшинд ярилцаж байна. Мэдээлэл өгөх боломжгүй" гэв. Мөн,иргэдээс ирсэн мэдээллийн дагуу МИАТ компанийн захирал Р.Бат-Эрдэнэ, Ашигт малтмалын газрын дэд дарга Д.Эрдэнэбилэг нарыг шалгахад хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн нь тогтоогдсон байна.

Р.Бат-Эрдэнэ нь тээврийн хэрэгслээ бусдад зарсны орлого болох 6500 ам.доллар, Хандгайт, Гүнт дэх зуслангийн байшингаа хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдаагүй байна. Мөн эхнэр нь 50 хувийг эзэмшдэг компанийн талаар дурдалгүй орхижээ. Ашигт малтмалын газрын дэд дарга Д.Эрдэнэбилэг хөрөнгө, орлогоо мэдүүлэхдээ эхнэрийнхээ нэр дээр байдаг "Рийчкашмер" компанийг нуужээ. Мөн МИАТ компаниас урамшуулал болгон олгосон 73 сая төгрөгийг мэдүүлээгүй аж.

Х.Тэмүүжин: Амьдралдаа хянуулж үзээгүи эрх мэдэлтнүүдэд тааламжгүй байгаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн албан тушаалтнуудаас нээлттэй сонсголын үеэр тайлбар авах гэж байгаа.

Энэ талаар Авлигын эсрэг парламентын бүлгийн гишүүн Ж.Тэмүүжингээс тодрууллаа.

-Нээлттэй сонсголд дуудагдсан албан тушаалтнууд ирж тайлбар өгөх болов уу?

-УИХ-ын албан тоот явуулж дуудсан. Бүгд ирэх болно.

-Хэрвээ дуудагдсан албан тушаалтнууд сонсголд оролцохгүй бол яах вэ?

-Ямар ч байсан ирүүлэх болно. Ирэхгүй бол УИХ-ын төвшинд хариуцлага тооцуулах талаар ярина. Тайлбар тавиагүй хүнийг авлигыг хөхүүлэн дэмжиж байна гэж үзэж улс төрийн ёс зүйн хариуцлага тооцохоос өөр аргагүй.

Амьдралдаа хянуулж үзээгүй, эрх мэдэлтнүүдэд энэ асуудалд тааламжгүй хандаж байгаа. Ингэж үзэж байгаа бол асуудалд л орно доо. Албан тушаалтнуудын өгөх мэдээлэл ил байх ёстой.

Авлигад татвар төлөгчдийн мөнгө эргэлдэж байгаа. Албан тушаалтнууд УИХ-д тайлбар тавих үүрэгтэй. Хөрөнгөө худал мэдүүлсэн ажилтанд хариуцлага тооцохгүй бол улс төрийн ёс зүйн хариуцлага тооцохоос өөр аргагүй.

Тэднийг авлигатай тэмцэх хүсэл сонирхолгүй байна гэж үзэж, хариуцлагын асуудлыг УИХ-ын төвшинд ярина.

Ж.Сүхбаатар: С.Баяр болон сайдуудыг дуудсан нь улс төрийн ямар нэгэн санаа агуулаагүй

УИХ-ын гишүүн, Авлигын эсрэг парламентын бүлгийн гишүүн Ж.Сүхбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Нээлттэй сонсголд ерөнхий сайд асан С.Баярыг ямар шалтгаанаар дуудсан юм

-Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн юм билээ. Аймгийн Засаг даргыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас сонгож, Ерөнхий сайд батламжладаг. Тэр утгаараа тухайн үеийн Ерөнхий сайдаас яагаад хуулийн дагуу хариуцлага тооцоогүйг нь асуух учиртай. Гэхдээ түүний оронд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатараас тайлбар авахаар болсон.

-Ч.Хүрэлбаатар дарга С.Баярын гэж үзэж байгаа юм уу?

-Яагаад боломжгүй гэж. Ажлын залгамж чанар гэж юм байдаг юм байгаа биз дээ. Энэ бол хүн дагаж өөрчлөгддөг асуудал биш.

-Хоёр ч яамны сайдыг байцаахаар дуудсан нь нээлттэй сонсголын ард ямар улс төрийн ашиг сонирхол нуугдаж байгаа гэх хардлагыг төрүүлж байна. Үүнд ямар хариу өгөх вэ?

-Бид тэр нэрсийг гаргаагүй. Авлигатай тэмцэх газраас өгсөн мэдээллийн дагуу л дуудсан. Ерөнхий сайд, асан болон сайдуудыг гэж тусад нь анхаарсан зүйл байхгүй. Зөвхөн яагаад гэдэг асуултад л хариулт авах гэж байгаа юм. Хариуцлага тооцсон бол яагаад ийм хариуцлага тооцов. Арга хэмжээ аваагүй бол яагаад тэгэв гэдэгт л тайлбар авна. С.Баяр болон сайдуудыг дуудсан нь улс төрийн ямар нэгэн санаа агуулаагүй. Тэдний нэрсийг бид гаргаагүй. Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн нэрсийн дагуу л дуудсан. Үүнд хууль зөрчсөн зүйл байхгүй.

Б.Цэцэгдэлгэр
Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж