Францын парламентын сонгуульд зүүнийхэн одтой байна

Хуучирсан мэдээ: 2012.06.11-нд нийтлэгдсэн

Францын парламентын сонгуульд зүүнийхэн одтой байна

Францад парламентын сонгуулийн эхний шатанд зүүний үзэл баримтлалт нэр дэвшигчид тэргүүлсэн тухай сонгуулийн хороодоос өчигдөр мэдээлжээ. Социалистуудын ялалт тус улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Франсуа Олландад маш чухал гэж ажиглагчид бичиж байна. Франсуа Олландад эдийн засгийн шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлж, өрийн хямралд орсон улс орныхоо эдийн засгийг сэргээхэд консервативууд ноёрхсон Францын парламентын доод танхимд зүүнийхэн олонхи болж гарч ирэх нь ашигтай аж. Харин Консервативууд Франсуа Олландын эдийн засгийн бодлого Францыг Испанийн араас оруулна гэж үзэж байгаа гэнэ. Өчигдөр болсон Францын парламентын сонгуулийн эхний шатны санал хураалтаар тус улсын социалистууд болон зүүний үзэл баримтлалт бусад хүчнүүд Үндэсний ассамблейн 577 суудлын эзлэхэд ойрхон байгааг сонгуулийн хороод нь  мэдэгджээ. Гэвч сонгуулийн шийдвэрлэх үе шат энэ сарын 17-нд болох юм. Сонгуулийн эхний шат өчигдөр орой дуусахад Францын 116 дүүргийн 70-д нь социалистууд болон зүүнийхэн олонхийн санал авсан аж. Сонгуулийн судалгааны агентлагууд зүүнийхнийг 300-366, Консервативуудыг 270-210 суудал авна гэсэн таамаглал дэвшүүлсэн юм байна.

Францын хэт барууны үзэл баримтлалт Марине Ле Пений Үндэсний фронт нам парламентын сонгуулийн эхний шатанд сонгогчдын 13-14 хувийн санал авна хэмээн таамаглаж байсан авч сонгуулийн урьдчилсан санал хураалтаар ердөө гурван нэр дэвшигч парламентад сонгогдох төлөвтэй байгаа гэнэ.Францад зарим сонгогчид өндөр зардалтай зүүнийхэнд илүү эрх мэдэл олгох нь тус улсыг өрийн хямралд орж, олон улсаас санхүүгийн тусламж хүсч буй Грек, Ирланд, Португаль, Испани зэрэг орнуудын араас оруулах вий гэхээс болгоомжилж байгаа аж. Францын ерөнхийлөгч асан Николя Саркозигийн сонгуулийн кампанит ажлыг удирдсан, Консерватив намаас нэр дэвшигч Натали Моризет гэгч Ерөнхийлөгч Франсуа Олландын Засгийн газрыг  улсын мөнгийг гарын салаагаар урсгаж, цацаж эхэлсэн бөгөөд Францыг Испани, Грекийнх шиг дампуурал руу хөтөлж байна хэмээн шүүмжилжээ. Франсуа Олланд өрийн хямралыг арилгана хэмээн Францчуудад амласан боловч зөвхөн өрнөөс гарснаар эдийн засгаа сэргээхгүй хэмээн сонгогчидтой маргалдаж байж ялалт байгуулсан билээ. Францчууд Франсуа Олландыг сонгосон өөр нэг шалтгаан нь тэрбээр тэтгэврийн дундаж насыг 60-аас бууруулна гэж амласан билээ. Харин түүний өрсөлдөгч Николя Саркози тэтгэврийн насыг 62 болгож нэмнэ гэсэн нь дэмжлэг авч чадаагүй билээ. Франсуа Олланд мөн Саркозиг ерөнхийлөгч байхдаа орон тоог нь багасгасан боловсролын тогтолцоог шинэчилж, олон мянган ажлын байр бий болгоно хэмээн амласан аж. Францын парламентын сонгууль, ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болдог бөгөөд таван жилд нэг удаа сонгогддог байна. Франсуа Олландын Засгийн газрын гишүүд ч мөн парламентын сонгуульд өрсөлдөж байгаа бөгөөд сонгуульд ялагдвал албан тушаалаа ч алдах аж. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж