Өнөө цагийн богино зайн гүйлтийн шилдэг тамирчин Усаин Болт ням гаригт авто машинтайгаа явж байгаад багахан хэмжээний осол гаргажээ. Азаар дэлхийн хамгийн хурдан хүн гэмтэж, бэртээгүй гэнэ. Түүний хэвлэлийн төлөөлөгч Кэрол Бекфордын тайлбарласнаар олимпийн гурван алтан медалийн эзэн Болт өглөө үүрээр үдэшлэг тараад харьж явах замдаа осол гаргасан байна. Осол Ямайкийн нийслэл Кинстон хотын замд гарсан бөгөөд замын хажуугийн хашлага мөргөөд зогссон гэнэ. Тэрбээр хар BMW-гаа хөлөглөсөн байжээ.
Цагдаа нар ослын шалтгаан, нөхцөлийг тодруулахаар ажиллаж байгаа аж. Гэхдээ урьдчилсан байдлаар Усаин Болт хяналт алдсаны улмаас жолоогоо алдсан гэж тайлбарлаж байна. Осол өглөө үүрээр 05.00 цагийн орчимд гарчээ.
Усаин Болтын дотны найз бөгөөд өрсөлдөгч Асафа Пауэлл мөн осол гарах үед өөрийнхөө машинтай явж байсан гэнэ. Ослын гэрч болсон тэрбээр Twitter-тээ “Миний найз @usainbolt хашлага мөргөчихсөн. Гэхдээ бүх зүйл ОК байгаа” хэмээн бичжээ.
Усаин Болтын хувьд энэ нь анхны осол биш гэнэ. 2009 онд тэрбээр мөн л хар BMW маркийн спорт тэрэгтэй, хоёр бүсгүйтэй хамт явж байгаад осол гаргаж байсан юм. Замаас гарч онхолдсон авто ослын улмаас тэр бага зэргийн гэмтэл авч байжээ.
Спринтер Усаин Болт ням гаригийн өглөө зам тээврийн осол гаргажээ. Гэхдээ гэмтэж бэртээгүй байна.
Тэрбээр BMW маркийн машинтайгаа явж байгаад замын хашлага мөргөж орхижээ.
Өмнөх осол: 2009 онд тэрбээр мөн л хар BMW маркийн спорт тэрэгтэй давхиж яваад замаас гарч, осолдож байжээ. Хэдийгээр хүнд бэртэл аваагүй ч тавхайн ясаа гэмтээж байсан гэнэ.
С.ЦЭЛМЭГ