“Дөлнүүд” “Дорнод” бүсийн аварга болов

Хуучирсан мэдээ: 2012.06.11-нд нийтлэгдсэн

“Дөлнүүд” “Дорнод” бүсийн аварга болов

NBA-гийн 2011-2012 оны улирлын плей-оффын бүсийн аваргын төлөөх тоглолт өндөрлөлөө. “Дорнод”-ын аваргын төлөөх цуврал “Үхлийн” хэмээх долоо дахь тоглолтоор шийдэгдэж, орчин цагийн “Их гурвал”-тай “Майами Хит” ялалт байгуулснаар NBA-гийн аваргын төлөө залуу “Их гурвал”-тай “Оклахома Сити Тандер”-тай хүч үзэхээр боллоо.

Майами-Бостон 98:79 (26:16, 29:26, 19:16, 24:18)

Майами: Л.Жеймс 45 оноо+15 самбар+5 дамжуулалт, Д.Уэйд 17 оноо+8 самбар, М.Чалмерс 9 оноо, Ш.Баттьер 8 оноо, К.Бош 7 оноо+6 самбар

Бостон:
Р.Рондо 21 оноо+10 дамжуулалт, Б.Басс 12 оноо+7 самбар, К.Гарнетт 12 оноо+5 самбар, Р.Аллен 10 оноо, П.Пирс 9 оноо+5 самбар

Цуврал 3:3

Тав дахь тоглолтод талбайдаа хожигдож, нуман тулгаарт ороод байсан “Майами” Бостон хотын “TD Garden”-д болсон зургаа дахь тулаанд талбайн эздийг 98:79-өөр буулган авснаар цувралыг тэнцүүллээ. Энэхүү тоглолтод “Дөлнүүд” дөрвөн үеийн турш илүүрхснээр ялалт байгуулсан. Тус тоглолтод энэ улирлын “Үнэ цэнэтэй тоглогч” Леброн Жеймс MVP ямар байдгийг жинхэнэ утгаар харуулсан. “Хаан” 45 оноо түүж, энэ жилийн плей-оффын дээд оноог авав. Тэрбээр 22 довтолгооныхоо 16-г “чулуу” болгосон бөгөөд самбараас 15 удаа бөмбөг авч, таван дамжуулалт өгчээ. Түүнд Дуэйн Уэйд 17 оноогоор тусалсан бол бусад нь 10-аас дээш оноо авч чадаагүй. Харин NBA-гийн хамгийн олон түрүүтнүүдээс багийн “тархи” Ражон Рондо 21 оноо авч, 10 дамжуулалт өгсөн бол хүчний довтлогч Брэндон Басс 12, төвийн тоглогч Кевин Гарнетт 12, хамгаалагч Рей Аллен 10 оноо авсан. Харин тус багийн онооны лидер Пол Пирс 18 довтолгооныхоо ердөө дөрвийг амжилттай болгож, есөн оноо авсан нь багийн амжилтад чөдөр болов. Тэрбээр энэ цувралд тун тааруухан тоглож буй.

БОСТОН– МАЙАМИ 88:101 (27:23, 26:23, 20:27, 15:28)

Бостон:
Р.Рондо 22 оноо + 10 самбар+14 дамжуулалт, П.Пирс 19 оноо, Б.Басс 16 оноо+5 самбар, Р.Аллен 15 оноо, К.Гарнетт 14 оноо+7 самбар

Майами:
Л.Жеймс 31 оноо+12 самбар, Д.Уэйд 23 оноо + 6самбар+6 дамжуулалт, Ш.Баттьер 12 оноо, М.Чалмерс 9 оноо+7 самбар

Цуврал 3:4

Флорида мужийн “American Airlines Arena”-д болсон долоо дахь тоглолтыг 20114 үзэгч үзэж сонирхсон бөгөөд сул суудал үлдээгүй гэж хэлж болно. “Бостон Селтикс” тоглолтыг тун эрч хүчтэй эхлүүлж, эхний хагаст 53:46-гаар давамгайлсан. Гуравдугаар үед талбайн эзэд 27 оноо түүж, 20-ыг алдснаар 73:73-аар өндөрлөсөн юм. Харин төгсгөлийн үед орчин цагийн “Их гурвал” гайхалтай гар нийлж, өрсөлдөгчөө 101:88-аар буулган авснаар NBA-гийн аваргын төлөө хоёр дахь жилдээ дараалан өрсөлдөхөөр боллоо. Тус тоглолтод талбайн эздээс Леброн Жеймс 31 оноо авч, нөхдөө тэргүүлсэн. Тэрбээр плей-оффт долоон тоглолт дараалан 30-аас дээш оноо авч, домогт сагсан бөмбөгч Уилт Чемберлений амжилтыг эвдлээ. “Лейкерс”-ийн алдарт сагсан бөмбөгч асан Элжин Бэйлор плей-оффт 13 дараалан 30-аас дээш оноо авч байв. “Майами”-гаас Дуэйн Уэйд 23, Крис Бош 19, Шейн Баттьер 12 оноогоор тусалсан. Харин “Бостон”-оос гарааны тоглогчид нь бүгд 10-аас дээш оноо түүсэн ч ялалт байгуулахад хангалтгүй байлаа. Ражион Рондон 22 оноо түүж, 10 удаа самбараас бөмбөг авч, плей-оффын замналын ес дэх трипл-даблиа хийсэн ч ялалт байгуулж чадсангүй.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
АВАРГЫН ТӨЛӨӨХ ТОГЛОЛТЫН ХУВААРЬ:

VI.13     Оклахома, Chesapeake Energy Arena
VI.15     Оклахома, Chesapeake Energy Arena
VI.18     Майами, Аmerican Airlines Arean
VI.20     Майами, Аmerican Airlines Arean
VI.22     Майами, Аmerican Airlines Arean
VI.25     Оклахома, Chesapeake Energy Arena
VI.27     Оклахома, Chesapeake Energy Arena

Б.БАТ

“ӨДРИЙН ШУУДАН” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж