“Өнгөт инээд” нэрээ “Шилдэг өнгө”-өөр сольсон Өлзийхүүгийн фракцийнхан Монголын малын бэлчээрийн төслийн шугамаар Швейцарын байгууллагатай хамтран хөдөө орон нутагт суугаа үзэгчдэдээ уран бүтээлээ толилуулахаар төлөвлөсөн гэнэ. Тийм ч болохоор энэ зуныг хөдөө орон нутгийн аялан тоглолтын улирал болгожээ. “Дурлалын сум”, “Баавгай дуулах уу”, “Үнэнээ хэлээч” жүжгүүд, “12 давхар”, “Үнэгүй юм”, “Зөн билэгийн тулаан” зэрэг нэвтрүүлгүүдийг бэлтгэн үзэгчдэдээ хүргэж байсан учраас ийнхүү хүрээгээ тэлж нэрээ өөрчлөх болсон гэнэ лээ. За бас шинэ залуусаар хүч сэлбэх болсон тэд энэ хавар “Амьдрал өөрөө хичээл” нэртэй адал явдалт, уянгын жүжгийг тавьж амжсан. Залуучуудад зориулсан тус жүжгийн зохиолыг түүний нөхөр найруулагч Ц.Хүсэлбаатар бичиж, маркетингийн ажлыг Өлзийхүү хариуцан харин охин нь ангийн нөхдийнхөө хамтаар тоглосон билээ. Энд нэмэхэд Хүсэлбаатарын гэр бүлийн 90 гаруй хувь нь урлагийн хүмүүс гэнэ. Тийм ч болохоор жүжигчин бүсгүй охин хүү хоёроо урлагийн салбарт хүч үзэхийг 100 хувь гараа өргөн дэмждэггүй ч охиноо дийлээгүй ажээ. Түүний охин нийгмийн идэвхи сайтай СУИС-ийн оюутан. Тийм болохоор урлагийн арга хэмжээг алгасаад байхыг хүсдэггүй аж. Харин жүжигчин ээж нь театр юм уу мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллахын тулд жүжигчин хүн тодорхой хэмжээгээр бэлтгэгдэх ёстой. Тэгээд ч “Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз” гэдэг болохоор гадаад руу сургуульд явахыг зөвлөдөг ажээ. Урлагийн хүн болох гэсэн охиныхоо мөрөөдөлд хэдийнэ бууж өгсөн болохоор хамтлагийнхаа тоглолтонд оролцуулахаас эхлээд бүүр болоогүй үсчин гоо сайханаар хүртэл хамт явж туслан, имижмейкерээр нь ажиллах болсон гэнэ.
Харин хүүгээ урлагийн хүн болгохгүй гэсэн шийдвэртээ бат зогсож байгаа ажээ.
ЭХ СУРВАЛЖ: WWW.TOPMEDEE.MN