Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хурлын үеэр Улсын баяр наадмын өмнө нийслэлийн дүүргүүдэд нийт 6,9 тэрбум төгрөгийн өртөг бүхий 65 ажил хэрэгжүүлж байгааг онцлоод, эдгээрээс ногоон байгууламжит цэцэрлэгт хүрээлэн ес, тоглоомын талбай 21, усан оргилуур нэг, амралт, чөлөөт цагийн бүс, нийтийн цэнгэлдэх хүрээлэн тавыг тохижуулах болсноо мэдэгдсэн юм. Ялангуяа баяр наадмын үйл ажиллагаа нутаг дэвсгэрт нь өрнөдөг Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүд дээрх бүтээн байгуулалтын ажилд онцлон анхаарч ажиллахыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг үүрэг болгожээ.
Түүнчлэн 2012 оны хувьд нийслэлийн зургаан дүүрэгт хүүхэд, залуус, олон нийтэд зориулсан мөсөн гулгуурын талбай, усан бассейн бүхий биеийн тамир спортын цогцолбор, боулингийн төвийг барих гэнэ. Энэ ажил эхнээсээ хэрэгжиж, Баянзүрх дүүрэгт барьж буй усан бассейн бүхий спорт цогцолборын барилгын ажлыг дуусгаад байгаа аж.
Д.ЖАРГАЛ