Австралид инфляцийг барих зорилгоор онцгой ашгийн татварыг баталж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Австралид инфляцийг барих зорилгоор онцгой ашгийн татварыг баталж байна

Австралийн Засгийн газраас байгалийн нөөц баялаг ашигладаг компаниудад онцгой ашгийн 40 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргажээ.

Үүнийг татварын бодлогын шинэчлэлийн хүрээнд хийж байгаа аж. Байгалийн нөөцийн онцгой ашгийн татварыг 2012 оноос эхлэн хэрэгжүүлэх юм. Ингэснээр дөнгөж эхний хоёр жилд 11.1 тэрбум ам.долларын орлого энэ татвараас орж ирнэ хэмээн Австралийн Засгийн газрын төлөөлөгчид ярьж байна.

Мөн ийн нэмэлт татвар ногдуулж байгаатай холбогдуулан бусад компанийн 30 хувийн татварыг 2014 он гэхэд 28 хувь болгож бууруулах аж. Энэ нь бүх Австрали хүнд байгалийн баялгийг тэгш хуваарилах боломжийг олгоно хэмээн тус улсын Ерөнхий сайд Кевин Рүдд онцолж байгаа юм.

Онцгой ашгийн татвараас орж ирэх орлогоор тус улс нийгмийн халамж, эрүүл мэндийн салбарт түлхүү хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Ялангуяа эрүүл мэндийн салбарын тогтолцоо, эмнэлгийн үйлчилгээндээ австраличууд нэлээд шүүмжлэлтэй ханддаг аж.

Түүнчлэн тус улсын хүн амын дундаж наслалт нэмэгдэж байна. Урьдчилсан тооцоогоор энэ зууны хоёрдугаар хагас эхлэх үед хүн амынх нь дөрөвний нэг нь, 65-аас дээш настнууд буюу тэтгэврийнхэн болох аж. Үүнээс тус улс нийгмийн халамжийн үйлчилгээнд зарцуулах төсвийн хөрөнгөө нэмэх шаардлага зайлшгүй урган гарч байгаа юм.

Ийн өндөр татвар ногдуулах болсон өөр нэг шалтгаан нь уул уурхайн бүтээгдэхүүний өсөлт нь тус улсын эдийн засгийн хурдыг хоёр дахин нэмэгдүүлж байна. Энэ салбараас олж буй асар их хэмжээний ашиг нь инфляцийг хөөрөгдөж эхэлжээ. Австралийн төв банкнаас эдийн засгийн хөөс үүсэхээс сэргийлж, бодлогын хүүгээ нэмэх болсон. Гэтэл нөгөө талаас ашиг орлогоороо давамгайлж байгаа уул уурхайнхны хөлд бусад салбар нь чирэгдэх магадлалтай юм.

Тиймээс байгалийн нөөцийн онцгой ашгийн татвар санаачлан хэрэгжүүлэхээр зэхэж байна. Австралиас өөр ганц ч хөгжингүй орон бодлогын хүүгээ нэмээгүй бөгөөд эдийн засгийн ерөнхий үзүүлэлтэндээ сэтгэл хангалуун бус хэвээр байгаа юм. Сүүлийн 10 жилд Австралийн уул уурхайн салбар 80 тэрбум ам.долларын ашиг олсон. Харин бусад салбарын ашиг нь ердөө есөн тэрбум ам.доллар байгааг хууль тогтоогчид онцолж байна.

Тиймээс энэ их ашгаас татвар авч, иргэн бүр нь хамрагдах боломж бүхий нийгмийн халамжийн үйлчилгээнд энэхүү татварын орлогын ихэнхийг зарцуулахаар төлөвлөж буй аж. Онцгой ашгийн татварын ачаар энэ салбарт зарцуулах төсвийн хөрөнгө нь 12 хувиар нэмэгдэх юм. Түүнчлэн жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор тэдний татварыг хөнгөлж байна. Хөрөнгийн тодорхой хэсгийг тусгай санд хуримтлуулж, улс орныхоо дэд бүтэц, зам, эмнэлэг, сургууль зэргийг шинээр байгуулахад зориулж зарцуулах аж.

Австрали бол уул уурхайн салбарынхаа ашгаар эдийн засгаа тогтворжуулж буй орон. Хямралын давлагаанаар олон улсын зах зээлд хүч түрэн гарч ирсэн Хятад, Энэтхэг зэрэг эдийн засгийн хурдаараа тэргүүлж буй оронд байгалийн баялгийн эрэлтч бас нэмэгдсэн. Энэ нь нөөц, ашигт малтмал ихтэй Австрали зэрэг оронд тусаа өгч, эдийн засгаа аврах гол хөшүүрэг болсон юм.

"Энэ татварын ачаар манай улсад шударга хуваарилалт бий болно" хэмээн Австралийн Ерөнхий сайд К.Рүдд ярьжээ. Уг хуулийн төслийг эдийн засагчид, хуульчид удаан хугацаанд сууж байж боловсруулсан болохыг тэрбээр бас онцолсон байна. Онцгой ашгийн татварын хуулийн талаар олон нийтэд таниулах дэлгэрэнгүй хэлэлцүүлэг удах-гүй явагдах нь дамжиггүй юм.

Гадны хөрөнгө оруулалтыг үргээх шалтгаан болох уу

Энэ бүхэнтэй зэрэгцээд уг хуулийг эсэргүүцэгчид олон байна. Дэлхийн уул уурхайн гигант "ВНР billiton"-ны хөрөнгийн 51 хувь нь Австралид бүртгэлтэй. Төмрийн хүдрийн олборлолтоороо тэргүүлдэг "Рио Тинто"-гийн хувьд нийт хөрөнгийнх нь гуравны нэг нь мөн л энэ улсад байдаг. Харин шинэ татварын хуулийг хэрэгжүүлж эхэлбэл 2013 он гэхэд "ВНР Вilliton"-ны ашиг 17 хувиар, "Рио Тинто"-гийн ашиг 21 хувиар тус тус буурна гэсэн тооцоог Швейцарийн "UBS AG" банкнаас гаргажээ.

Онцгой ашгийн 40 хувийн татвартай болсноор Австрали уул уурхайн салбар нь хөгжсөн бусад оронтой харьцуулахад хамгийн өндөр татвартай орон болох юм. Ингэснээр дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар нь буурна. Энэ салбарын хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлсэн өөр өчнөөн олон орон байхад Австрали хөөрхий юу ч болох вэ дээ гэмээр. Шинэ хуулийн талаарх мэдээллүүд цацагдаж эхэлсний дараа хөрөнгийн биржүүд дээр Австралийн гигантуудын хувьцааны ханш унасан. "Рио Тинто"-гийн хувьцаа уржигдрын байдлаар 3.8 хувиар, "ВНР billiton"-ных 8.9 хувиар буурсан байна.

Эдгээр аварга компаниуд "эх орондоо" хийх хөрөнгө оруулалтын төслүүдийнхээ хэрэгжилтийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, гадны орон тухайлбал Канад зэрэг улс руу урт хугацааны хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хандлага гарах юм. "Рио Тинто"-гийн хувьд Африкийн Гвинейн уурхай руу түлхүү анхаарах магадлалтай. Түүнчлэн Австрали дахь гадны хөрөнгө оруулагчид тодорхой хэмжээгээр цөөрөх боломжтой юм.

Үнэхээр ч иймэрхүү онцгой ашгийн татвар ногдуулснаар уул уурхайн компаниуд тухайн оронд богино хугацааны хөрөнгө оруулалтаа ихэсгэх хандлагатай болдог. Харин дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ нэмэгдэх үед, татварын таатай орчин бүрдсэн өөр орнууд руу төсөл хэрэгжүүлж эхэлнэ. Тиймээс онцгой ашгийн татварын орлогоор "гэнэт баяжих" гэж санаархсан улс орны хувьд тооцоолсноосоо бага ашиг олж, алдагдал нь ихсэх магадлалтай болдог.

Гэхдээ эдийн засаг нь хөгжчихсөн, уул уурхайн салбар нь тогтворжчихсон Австрали мэтийн оронд асуудал тэгтлээ муудахгүй юм. Удахгүй тус улсад сонгууль болно. Гэтэл улс төрийн эгзэгтэй цаг мөчид Засгийн эрхэнд байгаа Ажилчны намын тэргүүн, Ерөнхий сайд К.Рүдд ийм шийдвэр гаргажээ. Тэрбээр дээрх няцаалтуудыг үгүйсгэн, "Компаниудын хувьцааны ханш унаж байгаа нь түр зуурын хэрэг.  

Тэртэй тэргүй Грекийн хямрал, "Голдман Сакс"-ын хэргээс болж хувьцааны ханш хэлбэлзэлтэй байгаа. Ирээдүйд манай уул уурхайн үйлдвэрлэл асар өргөжинө. Уул уурхайн бүтээгдэхүүний ханш таатай болсон энэ үед бид боломжийг бүрэн ашиглах хэрэгтэй. Хэрэв компаниудын ашиг нь "онцгой" гэж нэрлэгдэхээр их биш бол 40 хувийн татварт хамрагдахгүй" хэмээн тайлбарласан байна.

Монголын гэнэтийн ашгийн татвар инфляцийг хөөрөгдсөн үү

Манай оронд 2006 онд Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг баталж, хэрэгжүүлж эхэлсэн. Тухайн үед олон хүний эсэргүүцэлтэй тулгарч, нэр бүхий эдийн засагчдаар шүүмжлүүлж байсан ч баталж л орхисон. Тэр ч бүү хэл "Д.Дагвадорж Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга болсон учраас 68 хувийн татвар ногдуулж байгаа юм" хэмээн хууль санаачлагчдын нэг нь хэнэг ч үгүй дуу алдаж байв.

Гэхдээ энэ гэнэтийн ашгийн татвараас улсын төсөвт 63 тэрбум төгрөгийн хөрөнгө орж ирсэн юм. Харамсалтай нь энэ мөнгөний дийлэнх хувь нь дан ганц "Эрдэнэт"-ийн зэсийн ашгаас бүрджээ. Дэлхийд данстай уул уурхайн компаниудын зүгээс манайд төсөл хэрэгжүүлэх асуудлаа сунжруулж, унжсаар байгаад энэ татварт бараг л хамрагдаагүй. Үнэхээр ч арай л хатуудсан хууль болж байв. Дэлхийд татварын дарамт өндөртэй орны тоонд манайх багтах болсон.

Уул уурхайн салбар дахь татварын орчинг хамгийн оновчтой бүрдүүлсэн Чили, Ботсвана зэрэг оронтой харьцуулахад бодит татварын хэмжээ нь хоёр дахин их байсныг эдийн засагчид онцолж байв. Гэхдээ төсөвт, бүр тодруулбал Монгол Улсыг хөгжүүлэх санд хуримтлуулсан уг татварын орлогоос нийгмийн халамж үйлчилгээнд овоо зарцуулж амжсан юм.

Үүнээс хүүхэд төрүүлсний, хүүхэд хэвээрээ байгаагийн, удахгүй хүүхэдтэй болохынх нь төлөөх "урамшуулал" гэх зэрэгт олгох хөрөнгөө бүрдүүлж чадсан билээ. Ийнхүү иргэдийн гарт бэлэн мөнгө төвлөрүүлэх болсон. Манай орны хувьд хөгжиж буй орон. Зарим улсын жишгээр авч үзвэл бүр ядууд ч тооцогдоно. Олон улсад нэр хүндтэй Их Британийн "Телеграф" сонинд "Ядуусын хороолол, хуучны Зөвлөлт холбоот улсын хэв маяг бүхий даржин амьдралтай энэ орныг ашигт малтмалын асар их нөөц байдгаар нь Төв Азийн Кувейт гэж нэрлэж болох юм" хэмээн Монголын талаар бичсэн.

Тэгэхээр хөгжингүй орны хэрийн эдийн засгийн тогтвортой хөгжилд хүрээгүй, дэлхийн улс орнуудын хувьд уул уурхайн салбар нь дөнгөж хөл дээр тэнцэн ядаж байгаа манай улсад өөрсдийгөө хөгжүүлэх ганц гарц нь гадны хөрөнгө оруулалтыг дэмжих явдал байж болох талтай. Азийн бар болсон Сингапур зэрэг орон ийм л аргаар тогтвортой эдийн засагтай болсныг шинжээчид онцолдог. Гэтэл гадны хөрөнгө оруулалтыг үргээх Гэнэтийн ашгийн татварын хуулийг урт хугацаанд хэрэгжүүлэх нь үнэхээр ашиггүй мэт.

"Айвенхоу Майнз" компани "Оюутолгой"-н гэрээг байгуулахын тулд Монголын Засгийн газраас санал болгосон хууль эрх зүйн бүх орчинг хүлээн зөвшөөрсөн. Ганцхан 68 хувийн гэнэтийн ашгийн татварыг эсэргүүцсэн билээ. "Оюутолгой"-н гэрээг байгуулж, эдийн засаг дахь үр өгөөжийг нь хурдхан нэвтрүүлэхийн тулд Монголын Засгийн газар ч энэ болзлыг нь зөвшөөрсөн.

УИХ-аас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг цуцалсан. Үүний дагуу ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 68 хувийн татварын хэрэгжилтийн хугацаа дуусах юм. Харин оронд нь Сангийн яамнаас шаталсан таван хэлбэр бүхий үнийн тогтолцоо бүхий роялтийн татвар ногдуулахаар болж байх шиг.

Гэнэтийн ашгийн татварыг цуцалснаар гадны хөрөнгө оруулагчдыг татна. Ийм л давуу талтай аж. Саяхнаас ашигт малтмал, уул уурхайн салбарын ашиг орлогоос хөрөнгийг нь бүрдүүлэх Хүний хөгжлийн сан байгуулсан. Энэ нь өмнөх Монгол Улсыг хөгжүүлэх сантай үндсэндээ төстэй. Ялгаатай нь гэнэтийн ашгийн татварын орлогоос бүрдсэн хөрөнгө гэж байхгүй.

Бид одоо дэлхийд уул уурхайн үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг Австралийн жишээг харж байна. Зүй нь бол, дан ганц салбараараа эдийн засгийн ноён нуруугаа бүрдүүлж буй орны хувьд эндээс олсон ашгаараа бусад салбартаа хөрөнгө оруулалт хийдэг аж. Гэтэл эсрэгээр нь иргэддээ бэлэн мөнгө тарааж, өнөө маргаашийг аргацаасан шийдвэр гаргах нь хэр оновчтой бол. Манайд инфляцийн төвшин нэмэгдсээр.

Үүний хариуд Монголбанкнаас мөнгөний хатуу бодлого баримталж, бодлогын хүүгээ 11 хувьд хүргэж, асуудлыг шийдвэрлэхийг оролдсоор. Австралид инфляцийг барихын тулд онцгой ашгийн татварыг баталж байна. Тэд орлогоор нь салбаруудын хөгжилд хөрөнгө оруулж байна. Гэтэл манайд үүнтэй төстэй татвараас болж инфляци улам нэмэгдсэн ч юм шиг. Бид орлогоор нь хүмүүсийн амьдралд бэлэн мөнгө оруулж байна.

Т.Элиса.
Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж