Майяачуудын цаг тооллын шинэ бичиг олдлоо

Хуучирсан мэдээ: 2012.06.11-нд нийтлэгдсэн

Майяачуудын цаг тооллын шинэ бичиг олдлоо

Майяачуудын цаг тооллоос улбаатай нэгэн айдас хүн төрөлхтөнд нүүрлээд буй. Тэр нь дэлхийн мөхөл 2012 оны эцсээр тохионо гэсэн таамаглал юм. Уран бүтээлчид ч энэ боломжийг аллдсангүй, кино хүртэл хийгээд амжсан. Орчин цагийн шинжлэх ухааны үүднээс дэлхийн мөхөл тохиохгүй гэсэн баталгаа нотолгоог хийсээр байгаа ч эртний майяачуудын  цаг тоололд итгэгчид бас цөөн биш аж. Тэгвэл иймэрхүү айдас хүйдэстэй хүмүүсийг тайвшруулах нэгэн олдворыг саяхан Төв америкийн нутгаас илрүүлжээ. Архелогчид судалгааныхаа явцад эртний майяачуудын бас нэг цаг тооллын бичгийг олжээ. Энэхүү олдвор нь хүн төрөлхтөн дахиад 6000 жил эх дэлхийдээ амар жимэр амьдрах боложтойг “нотолж” байгаа гэнэ.  Энэ цаг тооллын бичгийг 7136 он хүртэл тооцоолон гаргасан ажээ.

АНУ-ын Бостон хотын Их сургуулийн төслийнхөн Майяачуудын эртний хотыг малтах явцад барилгын ханан дээр бичсэн цаг тооллын бичгийг илрүүлсэн бөгөөд энд нар, сарны хуанли тэрчлэн Дэлхий, Ангараг, Сугар гаригийн хөдөлгөөнийг нарийн нягт тооцсон бичиглэл байгаа ажээ. Эрдэмтэд энэхүү олдворыг манай эриний YIII зуунд хамааруулан тооцож байна. Бүр нарийчилбал 814 он хэмээн нарийвчлан тогтоожээ. Эртний одон орончид 7000 жилийн цаг тооллыг урьдчилан тооцож гаргасан байна. Үүнийг майяачуудын одоо мэдэгдэж байгаа цаг тооллын бичгүүдээс хамгийн эртнийх гэж тогтоогоод байгаа бөгөөд өмнө нь олдсон XIY зууны хуанлийг хамгийн түрүү үеийнх хэмээж байсан юм. Манай эриний наймдугаар зуун бол майяачуудын хамгийн хөгжлийн сонгодог үед хамаардаг юм.

Төв Америкийн Гватемал дахь майяачуудын сөнөсөн хот-Шультуны малтлагын ажил бүр 2001 оноос эхэлсэн юм. 2012 онд дэлхий сөнөх тухай таамаглал нь урьд олдсон цаг тооллын бичиг 2012  оноор дуусгавар болсноос үүдэлтэй байв. Цаг тооны бичиг 2012 оноор төгсгөл болсон нь зарим эрдэмтдийн таамаглаж байгаагаар майяачууд цаг хугацааны тодорхой үеийг  нэг бурхан  хариуцан  дааж байдаг гэж үздэг байсантай холбон тайлбарлаж банйа. Энэ нь үнэнд нэлээн ойртсон таамаглал ажээ. Тухайлбал 2012 оноос дуусгавар болж байгаа цаг тооллын бичигт  Болон Окте гэсэн бурхны нэр дурдагддаг бөгөөд энэ нь магадгүй 2012-7136 он хүртэлх хугацаанд хүн төрөлхтнийг  даах бурхных нь нэр байж болзошгүй юм хэмээн дурджээ. Иймэрхүү тодорхой цаг хугацааг хариуцаж байдаг бурхны тухай ойлголт Буддын шашинд ч бас байдаг билээ. Юутай ч майяачуудын цаг тоолол, дэлхийн сүйрэлд итгэгчдийг тайвшруулах шинэ хуанли олджээ. Байшингийн хананд бичиж үлдээсэн энэ олдвор азаар гайхалтай сайн хадгалагдсан байсан гэнэ.

П.БУЛГАН

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж