Группийн мөнгө 133.8 мянга + 200 мянга + 21 мянган төгрөг = 354.8 мянган төгрөг. Түүнд дээр хүүхдүүдээс нь ирэх хаялга сардаа дунджаар 100 мянган төгрөг. Үндсэндээ сарын орлого нь 454.8 мянган төгрөг гэсэн үг.
Энэ мөнгө амьдралд нь хүрэлцэж байгаа эсэх, ямар нэгэн хуримтлал хийж чадаж байна уу гэдгийг тодруулбал, “Айлын хашаанд амьдардаг учраас түрээс гэж 25 мянган төгрөг төлдөг. Мах, сүү гээд идэж уухдаа 100 орчим мянган төгрөг зарцуулдаг. Бие муутай учраас байнга эмнэлгийн хяналтад байдаг. Өндөр настай гээд өрх, дүүргийн эмнэлэг үнэ төлбөргүй, оочергүй үзэж өгдөг ч бичиж өгсөн эм, тариаг нь зайлшгүй авч хэрэглэх болно. Түүнд ямар ч хөнгөлөлт байхгүй шүү дээ. Эм, тариандаа сардаа 50-60 мянган төгрөг өгчихнө. Бичиж өгсөн эмнээс гадна хөл гар өвдөнө. Түүндээ үе мөчний тос, хааяа хааяахандаа шингэн энэ тэр авч өөрийгөө тордох хэрэг гардаг учраас энэ хэмжээний мөнгө миний тогтмол зарлага гэж хэлж болно. Залуус шиг олон хувцас сольж өмсөхгүй ч гэлээ. Хүн л болсон хойно нүцгэн гүйлтэй биш. Дөрвөн улирлын хувцас хэрэгтэй болно. Гэхдээ би сар бүр хувцас аваад байх чадалтай хүн биш л дээ. Ер нь нэг жилд худалдан авч буй хувцасныхаа үнийг тооцохоор сардаа 30 мянган төгрөг болох байх. Тэгээд ач зээ нартаа мөнгө их зарцуулна. Ач зээ нар маань цэцэрлэг сургуульдаа явж байгаад амралтын өдрөөр эмээ дээрээ ирдэг. Тэднээсээ юугаа ч харамлахгүй шүү дээ. Байгаагаа барьчихна. Миний төсвийн дийлэнх хувь тэдэнд очдог байх. Өөрөөсөө харамлан байж тэдэндээ гаргаад өгчихдөг гэмтэй. Тэр зан ганц надад бус бүх аав ээж, эмээ өвөө нарт байдаг байх. Тэгээд төлөвлөгдөөгүй зардал их гарна. Ядаж тэтгэвэр, халамж гээд улсаас өгдөг мөнгөний хэмжээ нэмэгдэх хэрээр бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөд байх юм. Хүний нүдэн дээр их мөнгө өгөөд байгаа мэт боловч бидний амьдралд ямар ч өөрчлөлт орохгүй, нэг л түвшиндээ байсаар л байна. Хүүхдүүддээ данс нээлгээд хэд хэдэн төгрөгийн хуримтлал үлдээхсэн гэж хүсэх ч тийм боломж гарахгүй. Олсон мөнгө маань хэрэглээндээ л таарах юм даа.
Түрээс 25 мянга + Хүнсний хэрэглээ 100 мянга + Эм, тариа 60 мянга + хувцас хэрэглээ 30 мянга + ач зээ нартаа зарцуулах мөнгө 150 мянга = 365 мянган төгрөг болж байна. 454.8 мянган төгрөг – 365 мянган төгрөг = 89.8 мянган төгрөг нь гэнэтийн болон улирлын чанартай зарлагад зарцуулагддаг.
Гэнэтийн болон улирлын чанартай зарлага гэдэгт юу орох вэ гэж асуухад өө тэгээд манайд хүн их ирнэ гаднаас хүн ороод ирэхэд хоосон байх хэцүү шүү дээ. Ядаж л тавган дээрээ гайгүй чихэр авах жишээтэй. Тэгээд найз өвөө, эмээ нарынхаа гэр зочлохдоо балга сүү ч болов авч очих хэрэг гарна. Харин улирлын чанартай зарлагад түлээ, нүүрснээс эхлээд авах зүйл нэмэгдэнэ шүү дээ.
Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өссөөд байна. Танд хүнсэндээ хэрэглэх 100 мянган төгрөг чинь хүрэлцэж байна уу гэхэд болдог юм аа, гэхдээ өмнөх өмнөхөөсөө хэрэглээгээ жаахан хассан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, нас ахих тусам хүнсний ногоонд дургүй болдог юм байна. Тиймээс одоо ногоонд мөнгө зарахаа больсон. Махны үнэ арай дэндэж байна. Хөдөө, орон нутгаас мах ирдэггүй над мэтийн хөгшчүүд махнаас гарахад хүрээд байна шүү дээ. Өмнө нь атга махаар хоол хийдэг байсан бол одоо үмх махаар болгож байна шүү дээ. Миний хувьд мах, сүүнд л мөнгө их зардаг. Нас ахих тусам цайсаг болдог юм шиг байна. Таван литр сүү аваад долоо хоногоо хүргэж чадахгүй л байна. Сардаа 30 литр сүү 30 мянган төгрөгөөр авдаг. Маханд 30 мянган төгрөг зарцуулдаг бол 10 мянган төгрөгөөр 10 килограмм гурил авчихаад сардаа хүргэчихдэг. Тэгээд тос авч боорцог хайрна. Хүүхдүүд маань ирэхээрээ гэрийн хайрсан боорцог идэх дуртай. Тэгээд давс, сонгино, саван, угаалгын нунтаг гээд бусад зүйлд үлдсэн 30 мянга нь явна даа хэмээн эмээ сарын төсвөө тайлагнасан юм. Хоёр идэхгүй хоосон хонохгүй ч ядуугийн хажууд баян,баячуудын хажууд гуйлгачин аятай амьдарч буй айл Монголд даанч олон юм.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин