-Урт цагааны гудамжийг автозам болгох гэж байгаа гэсэн. Энэ талаар тодруулбал?
-Урт цагааны өмнөх буюу Жуулчины гудамжийг Төмөрчиний гудамжтай холбох гэж байгаа. Энд 250 метр автозам тавина. Замын зорчих хэсгийг 12 метр дөрвөн урсгалтай хийнэ. Хойт талд нь 1.5 метр ногоон байгууламж барина. Харин энэ замын хучилтыг байгалийн чулуугаар хийхээр болсон. Улаанбаатарт барьж байгаа анхны байгалийн чулуун хучилттай зам болно гэсэн үг. Германы төслийн шугамаар явган хүний замыг ийм технологиор барьж байсан. Энэ технологийг автозамд ашиглах гэж байна.
-Хэзээнээс барьж эхлэх вэ?
-Нээлттэй тендер зарлаад нээлтээ хийсэн. Тендерийн хороо үнэлгээний шатанд явж байгаа.
-Энэ зам хэзээ ашиглалтад орох боломжтой бол?
-Хийгээд эхлэвэл 45 хоногийн дотор дуусна.
-Чулуун замыг тавихад хэчнээн төгрөг төлөвлөсөн бэ?
-Замын сангийн хөрөнгөөр хийнэ. 700 сая төгрөг төсөвлөсөн. Гэхдээ хяналтын төсөв яаж ч гарч ирж болно. Энэ уулзварын баруун, зүүн талд гэрлэн дохио тавина.
-Тэнд худалдаа эрхэлж байгаа хүмүүс бий. Тэднийг яах вэ, Зөвшөөрөлтэй юу?
-Майхан, сендвичин барилга бий. Энэ нь Нийслэлийн аялал жуулчлалын газрын харъяанд байдаг юм байна. Түр зөвшөөрөл олгож үйлчилгээ эрхлүүлдэг юм билээ. Бид хоёр сарын өмнө Нийслэлийн аялал жуулчлалын газарт мэдэгдэл өгсөн. Мөн өмчийн харилцааны газрын хөшөө дурсгалын зүйлс бий. Үүнийг ч гэсэн хариуцсан газар нь авна. Энд иргэн, аж ахуйн нэгжүүдэд өмчийн газар байхгүй. Бүгд нийслэлийн мэдэлд юм билээ.
-Ойролцоох барилга, аж ахуй нэгжүүдээс газар чөлөөлөх үү?
-Байшин барилга хөндөгдөхгүй. Хоёр барилгын хооронд 40 метр зайтай. Түүний 12 метрт л зам баригдана. Цэцгийн мандлуудын дундуур л зам танина.
-Урт цагааны гудамжинд гэрлэн чимэглэл тавьсан. Эдгээр нь зам тавихад өөрчлөгдөх үү?
-Хэвээрээ үлдэнэ. Чингэлтэй дүүргээс бидэнд санал тавьсан. Баяр ёслол, олон нийтийн үйл ажиллагаа явуулах болвол замаа хоёр талаас нь хаагаад үйл ажиллагаа явуулдаг байя гэсэн.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин