“Би маш баяртай байна. Над дээр бөмбөг ирэнгүүт шууд л цохисон. Гэхдээ Пирлогийн дамжуулалт үнэхээр гайхалтай байсныг энд хэлэх хэрэгтэй. Энэ бол Италийн шигшээ багийн төлөө хийсэн миний хамгийн гайхалтай гоол” гэж Ди Натали ярьжээ.
2008 оны европийн аварга шалгаруулах тэмцээнд Ди Натали Испанитай хийсэн тоглолтод торгуулийн цохилт гүйцэтгээд алдаж байсан юм. Тэр тоглолтын үндсэн болон нэмэлт цаг тэнцээгээр өндөрлөсөн учраас ялагчийг торгуулийн цохилтоор шийдвэрлэж байсан билээ. “Би дөрвөн жилийн өмнө 11 метрийн цохилтыг алдаж байсан. Гэхдээ энэ удаад би ямар нэгэн айдасгүй, юу ч бодолгүй цохисон” хэмээжээ.
Италийн шигшээ багийн тоглог Даниел Де Росси энэ гайхалтай гоолын эхлэлийг тавьсан билээ. Тэрээр эсрэг багийн гурван ч хамгаалагчийг хууран Пирлод дамжуулж, Пирло, Ди Наталид дамжуулснаар гоол болсон юм.
“Испанийн шигшээг анөө цагийн хамгийн шилдэг баг гэдэгтэй хэн ч маргахгүй. Бид хэсэгтээ хүндхэн учраатай таарсан нь үнэн. Гэхдээ бид өнөөдөр тэдний хүчтэй өрсөлдөгч байж чадлаа. Оросыг гайхалтай ялалтыг байгуулсны дараа хүн болгон л энэ жил маш хүчтэй өрсөлдөх нь гэж ярьж эхэлсэн. Энэ үнэн. Гэхдээ нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид өнөөдөр Испанийн хүчтэй өрсөлдөгч байж чадсан. Тоглолтонд тэргүүлэх ч боломж байлаа. Би болоод манай багийн тоглогчид амжилтаа улам ахиулахыг хүсч байна” гэж Ди Натали ярьжээ.
Италийн шигшээ Европийн аварга шалгаруулах тэмцээнд 1968 онд анх түрүүлснээсээ хойш нэг ч удаа түрүүлээгүй байгаа билээ. Энэ жилийн тухайд Италийн шигшээг өмнөхөөсөө сул бүрэлдэхүүнтэй ирсэн, томоохон амжилт үзүүлэхгүй гэж мэргэжилтнүүд таамаглаж байсан ч эхний тоглолтоо тун сайн эхлүүллээ.