Д.Алтанхуяг + О.Лхагвасүрэн

Хуучирсан мэдээ: 2012.06.11-нд нийтлэгдсэн

Д.Алтанхуяг + О.Лхагвасүрэн

Тайзнаа гялалзах хоёр одыг харсан үзэгчид дуу алдан, шагшин магтаж байна. Түүний нэг нь мэдээж энэхүү тоглолтыг зохион байгуулж буй “Монголын балетын хөгжил сан”-гийн тэргүүн, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг. Харин түүнтэй энэ зэрэгцэн гялалзсан нэг “од” нь О.Лхагвасүрэн байлаа. Харамсалтай нь, зарим үзэгчид түүнийг Монгол бүжигчин гэдгийг тэр бүр мэдээгүй биз.

Өнгөрсөн бямба гаригт Соёлын төв өргөөнд “Комаки балет” нэртэй бас нэгэн үзэгчдийг гайхшруулсан тоглолт болсон нь энэ юм. Япон, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан тус тоглолтыг Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн санаачлан байгуулсан “Монголын балетын хөгжил” сангаас зохион байгуулав. Тэрбээр Японы “Комаки балет” компанийг бүрэн бүрэлдэхүүнээр нь Монголд урьж, ийнхүү үзэгчидтэйгээ уулзууллаа. Тоглолт үндсэн хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэгт Японы “Мадарена” бүжгэн жүжгийн үзэгчдэд сонирхуулсан. Энэ бүжгэн жүжиг үзэгчдийг алмайруулж орхисон. Одоогоос 400 жилийн өмнө Японл Христийн шашин Япон улсад хориотой байсан тухайн цаг үеийн бодит байдлаас сэдэвлэсэн “Мадарена” бүжгэн жүжиг нь 1959 онд анх удаа олны хүртээл болсон бөгөөд үүнээс хойш Франц, Швед, Итали зэрэг орнуудаас Дэлхийн олон улсын энх тайвны шагналыг нь хүртсэн байна. 2010 онд болсон их газар хөдлөлтийн дараа “Мадарена”-г 14 жилийн дараа дахин тоглож, “Комаки” балет компанийн захирал Кикүчи Со дахин тайзнаа гарсан нь Японд багагүй шуугиан дагуулсан байна. Энэхүү бүжгэн жүжгийг анх удаа Монголын тайзнаа тоглосон нь үзэгчдэд таатай санагдсан биз ээ. Мэдээж хөгжим, бүжгийн хувьд маш хүнд драмтай бүжгэн жүжиг байсан дээр үзэгчид “Мадарена”-д уусан орох шиг л болсон. “Комаки” балет компанид ажилладаг Монгол бүжигчин О.Лхагвасүрэн олны хэсэгт тоглож байсан бөгөөд бусдаас ялгарч, үзэгчдийг эзэмдэж байсныг нуух юун.

О.Лхагвасүрэн Японд ажиллаж, амьдардаг бөгөөд эх орондоо мөн л амралтаараа ирж тайзнаа тоглож буй дэлхийн болон сонгодог балетын гол дүрд тоглоод буцдаг Монгол Улсын шилдэг бүжигчдийн нэг юм. Тоглолтын оргил хэсэг. Хоёрдугаар хэсэгт Р.Корсаковын “Щехерезада” балетыг тоглов. Үзэгчдийн хүлээж байсан Д.Алтанхуяг тайзнаа дүүлэн ниссээр гараад ирлээ. Бүгд дор бүрнээ браво хэмээн дэмжиж байсан. Д.Алтанхуягыг нуруундаа бэртэл авсан учир өөрөө тоглохгүй гэх яриа тоглолтын өмнө гарсан учир, үзэгчид битүүхэндээ айж байсан. Харин түүнийг тайзнаа гарч ирэх тэр мөчид үзэгчид тайвширсан. Тэр тайзнаа дүүлэн ниссээр, юунд ч баригдалгүй ихэмсэг гэгч нь дүүлсээр байна. Түүний авьяас чадвар үзэгчдийг үргэлж л гайхшруулж чаддаг. Д.Алтанхуягаар үзэгчид бахархсан, түүнийг Монгол шүү дээ хэмээн өмчилсөн. Дахиад л үзэгчид түүнийг магтсаар байна. Д.Алтанхуяг энэ үдэш “Алтан боол”-ын дүрд хувилсан байлаа. Тэрбээр эртний Персийн Султан хааны үзэсгэлэнт эхнэр Зобейдод сэтгэл алдарч, нэг нэгнээ хайрлах боловч тэдний хайр үхлээр төгсөнө. Үзэгчдийн сэтгэлийг булааж, гунигт автуулсан “Щехерезада” балетын Алтан боол Соёлын төв өргөөн тайзыг эзэгнэж, үзэгчдээс халуун алга ташилтыг хүртсэн. Д.Алтанхуягын үзэгчдэд барьж буй бэлэг ингээд дуусахгүй цааш үргэлжилсээр л байх болно гэдгийг мэдэх таатай байна. Дараагийн удаа тэр ямар бэлгээр барих бол гэсэн хүлээлтийг үлдээсэн. Дахиад ямар бэлэг байгаа бол.

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж