Уламжлал ёсоор өнгөрсөн долоо хоногийн шилдэг гэрэл зургийг толилуулж байна. Энэ удаад бидний мэддэггүй, мэддэг ч гэсэн харах болгондоо л амьсгаа даран гайхширдаг тэр л зүйлсийн тухай өгүүлэх болно. Эдгээрийг цэнхэр гаригийн маань өнцөг булан бүрд авсан бөгөөд эх дэлхий маань хичнээн үзэсгэлэнтэй хийгээд нууцлаг болохын бас нэг баталгаа нь энэ болох болов уу.
6 сарын 4
Индонезийн сармагчнууд хот тосгодоос хоолоо хайж, хогийн савнаас идэшлэж, бие биенээсээ харамлан тэмцэлддэг болоод удаж байна. Бяцхан монш ийн тулалдах томчуулыг хараад ихэд айсан бололтой ээжийгээ чанга тэвэрч бүлтэлзэнэ.
6 сарын 5
Свартифосс хүрхрээ буюу хүмүүсийн Хар хүрхрээ гэж нэрлэж заншсан энэхүү сүрлэг байгууламж исландийн Скафитафетл үндэсний паркт байдаг бөгөөд гайхамшигт хүрмэн чулуун баганаар хүрээлэгдсэн. Ихэнхидээ зургаан талтай иймэрхүү багана галт уулын лав урсаж царцах үед үүсдэг байна. Ийм хүрхрээ дэлхийд тийм ч олон биш шүү.
6 сарын 6
Орон гэргүйчүүдийн хөдөлгөөн Сальвадор, Бразилд үүсээд одоо хөрш орнуудаа ч хамарч улам бүр газар авсаар байна. Энэхүү үзэгдлийн үр болсон Кристиана охин өөр амьдралыг огт үзээгүй болохоороо энэ амьдрал болон эргэн тойрон дахь хүмүүсээ л хайрлана…
6 сарын 7
Бромо уул бол Индонезийн Ява арал дээрх галт уул юм. 2392 метр өндөр хайрхан тийм ч өндөр ууланд тооцогдохгүй ч жуулчдын хувьд хамгийн алдартай газрын нэг мөн. Галт уулын сүүлийн дэлбэрэлт 2011 онд болж байлаа.
6 сарын 8
Гал эзэгнэгч, гал идэгч, галаар наадагч нар оролцох фаершоу нь Таиландын уламжлалт баярын нэг болоод удаж байгаа бөгөөд ихэнхидээ янз бүрийн наадмын дагалдах чамин шигтгээ болдог. Хамгийн гайхалтай нь өсвөр насны хүүхэд, бүр бяцхан хөвүүд хүртэл гал “зооглож” үзэгчдийг айлган, бишрүүлдэг юм.
6 сарын 9
Аделийн оцон шувуу бол антарктидын хамгийн өмнөд цэгийн оршин суугчид билээ. Насанд хүрсэн шувуудын хар хөх, цагаан холилдсон зүс нь нүд тойрсон цагаан цагираг, ягаан сарвуугаар чимэглэгдэн амилдаг онцлогтой. Хаан оцон шувуунаас гадна тивийн эргийг тэр чигээр нь эзэмшин сүргээ үүсгэдэг ганц амьтан бол тэд. Аделиуд туйлын зунаар дэгдээхийнүүдээ өсгөдөг бөгөөд үүрээ засахынхаа өмнө сарын турш алс холын нүүдэл туулж ирдэг билээ.
6 сарын 10
Энэтхэгийн гайхамшиг Таж Махалыг бас нэгэн өнцгөөс харвал… Аль ч улиралд, аль ч цагт жуулчдыг алмайруулдаг энэ агуу байгууламжийн ханыг өнгөлсөн хагас тунгалаг гантигаар цогцлуулж, номин, гартаам, ногоолин, мана шигтгэн урласан билээ. Гэхдээ зүгээр нэг гантиг биш. Өдөр нарны хурц гэрэлд цагаан, үүр цайхад ягаан, сартай шөнө мөнгөн харагддаг гантиган шүтээн бээр хайр дурлалын гэрэлт цамхаг болон эртний түүхт хөндийд зүүрмэглэнэ…