Умард Солонгосын суртал ухуулгын “машин”, залуу удирдагч Ким Чен Уны ээж Ко Ён-Хуг магтан дуулж эхэлжээ. Түүний ээж 2004 онд нас барсан аж. Цэргийн өндөр тушаалтнуудыг алдаршуулахад голдуу ашигладаг видео клипээр сүүлийн үед Ко Ён-Ху хүүгийнхээ хичээлийг давтуулж, тоглолтын талбайг цэвэрлэж, буугаар буудаж буй дүрсийг гаргажээ. Видео бичлэгт түүнийг “Солонгосын хувьсгалын эцэг, генерал Ким Чен Ирийн хүндэтгэлийг хүлээсэн,хамгийн хайртай хүн байсан бөгөөд Ким Чен Уны ард түмэнд тэнгэрээс илгээсэн агуу хүмүүсийн нэг “ хэмээн магтжээ. Түүнийг мөн Ким Ир Сен, Ким Чен Ир нарыг төрүүлсэн гайхамшигтэй ээжүүдийн нэг адил дэлхий дээрх хамгийн гайхалтай ээж байсан гэжээ. Японы Майничи Шинбүн сонинд бичсэнээр Умардын цэргийн эрхтэн дархтануудад зориулсан ийм суртал ухуулгыг өнгөрсөн сараас эхлэн цацаж эхэлжээ. Ким Чен Уны ээжийг магтан дуулсан суртал ухуулга 2000 оны эхээр маш хүчтэй байсан авч түүнийг 2004 онд нас барсны дараа хэсэг намжсан байжээ. Харин Ким Чен Уныг залгамжлагч болсноос хойш түүний ээжийн тухай суртал ухуулга дахин сэргэж эхэлсэн аж. Умардын шинэ удирдагчийн ээж Ко Японд төрсөн боловч 1960-аад оны эхээр Умард Солонгост очжээ. Умардын цэргийн албан тушаалтан байсан нэгэн хүний ярьснаар “Японд төрсөн солонгос хүн Умард Солонгост нэр хүндгүй байдаг” аж. Ийм шалтгаанаар суртал ухуулгад Ко Ён –Хугийн гарал үүслийн талаар огт дурсдаггүй байжээ.
Ким Чен Уны ээжийг магтан дуулжээ
Н.ЭНХ