Генерал Августо Пиночетын цэргийн дэглэмийг магтан дуулсан баримтат киног эсэргүүцсэн жагсаал Чилид болжээ. Чилийн нийслэл Сантъяго хотод Августо Пиночетыг эсэргүүцэгчид цагдаа нартай мөргөлдсөн аж. Хотын төвд болсон мөргөлдөөний үеэр улсын өмч хөрөнгө ихээхэн сүйдсэн талаар хотын дарга мэдээлсэн байна. Цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч, даралттай ус хэрэглэжээ. Августо Пиночетын цэргийн дэглэмийг магтан дуулсан баримтат киног дэмжигчид нь үг хэлэх эрх чөлөө хэмээн тайлбарлаж байгаа авч харгис дарангуйллын үед хэлмэгдэж, амиа алдсан хохирогчдын ар гэрийнхэн эсэргүүцэж бухимдлаа илэрхийлжээ. Баримтат кино телевизээр гарснаас хойш хэдхэн цагийн дараа хэдэн зуун эсэргүүцэгчид Сантъяго хотын төвд жагсч эхэлсэн гэж хотын дарга мэдэгджээ. Сантъяго хотын дарга “Чили улсад хөгжил л хэрэгтэй. Бид энэ бүхнээс залхаж байна. Хүний эрхийн төлөө тэмцэгчид гэж өөрсдийгөө нэрлэсэн хүмүүс үймээн дэгдээж, эвдэлж сүйтгэхээс өөрийг чаддаггүй” хэмээн ярьжээ. Генерал Августо Пиночет 1973 онд ардчилсан сонгуулиар сонгогдсон Марксист ерөнхийлөгч Салвадор Аллендег огцруулж, төрийн эргэлт хийснээс хойш 1990 он хүртэл Чилийн төрийн эрхийг гартаа авсан билээ. Чилийн Засгийн газраас явуулсан судалгаагаар генерал Августо Пиночетын дэглэмийн үед 3,000 гаруй хүн амиа алдсан бөгөөд тэдний заримын цогцос нь ч олдоогүй билээ. Августо Пиночетын харгис дарангуйллын үед олон мянган хүн мөрдлөг хавчлагын золиос болсон билээ. 2006 онд Пиночетыг нас барснаас хойш Чилид иймэрхүү эсэргүүцлийн томоохон хөдөлгөөн анх удаа өрнөж буй нь энэ аж. Чилид одоо Пиночетыг дэмжигч хэдэн арван мянган хүн байдаг бөгөөд тэдний дунд хэт барууны үзэл баримтлалт улс төрчид, Чилийн цэргийн хуучин эрхтэн дархтанууд аж. Августо Пиночетын тухай баримтат киног гаргасан театрт түүний ач хүү Августо Пиночет Молина мөн очсон гэнэ. Августо Пиночетыг Чилийг коммунизмаас аварсан баатар мэтээр ярьдаг хүмүүс байхад цусанд гараа дүрсэн харгис дарангуйлагч хэмээн үзэн яддаг хүмүүс олон ч олон гэнэ.
Н.ЭНХ