Тоглолт Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын уран бүтээлүүд, оркестрын тоглосон шилдэг бүтээлүүд гэсэн хоёр хэсгээс бүрдэх юм. Ц.Намсрайжав гуайн хүү Бүтэнбаяр түүний ажлыг үргэлжлүүлэн Улсын Филармонийн уран сайхны удирдагч, ерөнхий удирдаачаар 20 гаруй жил ажиллаж байна. Тоглолтын тасалбарын тухайд 15000 төгрөгийн үнэтэй байгаа юм.
БНМАУ-ын Соёлын Яамны 1957 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 118 тоот тушаалаар Монголын Радио Хорооны дэргэд Симфони найрал хөгжим байгуулагдсанаар Улсын филармонийн үндсэн суурь тавигдсан ба анхны удирдаачаар Ц.Намсрайжав, туслах найруулагчаар Г.Бирваа ажиллаж байжээ. Ц.Намсрайжав агсныг зууны манлай дуу “Халуун элгэн нутаг”, “Баярын удиртгал” гэх мэт гайхамшигт бүтээлүүдээр нь ард түмэн мэднэ. Дашрамд сонирхуулахад, Улсын Филармонийг түүний нэрэмжит болгосны 20 жил мөн энэ онд тохиож байгаа юм.