![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2011/12/79d8b63a7a2c8c92/82ab2c4de0980a63big.jpg)
МҮБХ-ноос тав дахь жилдээ зохион байгуулсан “Сонгинохайрханы хишиг” барилдаан өчигдөр болж, улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглолоо. Барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Г.Эрхэмбаяр, улсын заан Д.Рагчаа, Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж, А.Бямбажав нарын тэргүүтэй бөхчүүд хүч үзсэнээс Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва найм даван түрүүлж, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Хутагтын их хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага А.Цацабшир үзүүрлэжээ. Харин их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Таванхан” дэвжээ, “Ноёд” группийн бөх, улсын арслан Г.Эрхэмбаяр, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Булганхангайн хүчтэнүүд” дэвжээ, “Жигүүр гранд” группийн бөх, улсын заан М.Өсөхбаяр нар шалгарсан байна.
“Сонгинохайрханы хишиг” барилдааныг "Говь гео" компани дэмжин, зохион байгуулжээ.
Б.ЭНХ