Афганы Капис мужид дөрвөн франц цэрэг үрэгдэж, тав нь шархадсаны дараа Франц Афганаас цэргээ эргүүлэн татах ажлаа эрчимжүүлж эхлэв. Битүү нөмрөг чадра өмссөн амиа золиослогч Францын цэргийн цувааг дэлбэлсэн юм. Цэргийнхний хамт тэдний орчуулагч афган амь үрэгдсэн байв.
Энэ хэрэгтэй холбогдуулан Францын ерөнхийлөгч Франсуа Олланд үндэстэндээ албан ёсны мэдэгдэл хийн цэргээ татах хугацааг зарлав. “Цэрэг гаргах ажиллагаа долдугаар сард эхлэн энэ жилийн сүүлч гэхэд дуусна. Энэ хугацаанд бид хамгийн өндөр хэмжээний аюулгүй байдлын төвшинд хүлээгдсэн үүргээ биелүүлэх ёстой” гэж ерөнхийлөгч мэдэгджээ.
Капис дэх энэ аллагын хариуцлагыг Талибан хөдөлгөөн хүлээхээ зарласан. Афганистанд цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн 2001 оноос хойш тэнд Францын 87 цэргийн албан хаагч амь үрэгджээ. Одоо Францын 3400 цэргийн албан хаагч Афганистанд байрлаж байна.
Ш.МЯГМАР