Европын авлигын төвшинг тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2012.06.11-нд нийтлэгдсэн

Европын авлигын төвшинг тогтоолоо

Transparency International байгууллага Европын 25 орны авлигын төвшинд судалгаа хийсэн байна.  Европын бүх улсуудад авлигын шинж илэрсэн ч авлига Газар дундын тэнгисийн бүсийн Грек, Испани, Итали, Португалид  өргөн цар хүрээ хамарч байгааг тус байгууллагын шинжээчид тогтоов. Transparency International-ийн Оросын салбарын захирал Елена Панфилова авлигатай холбоотой Европын эл асуудлууд Орост  ч байгаа гэж дүгнэж байна.

Transparency International өнгөрсөн долоо хоногийн дундуур Европын авлигын төвшний илтгэлээ нийтэд танилцуулан ийм асуудал Европын  бүх орнуудад байна гэсэн таагүй дүгнэлт хийжээ. Судалгааг хийхдээ зохих хууль журам, түүний хэрэгжилт мөн авлигын сүлжээ нь хууль зүй ба гүйцэтгэх засаглал, төрийн аппаратад хэрхэн нөлөөдөгийг тогтоох 12 нөхцөлийн үнэлгээг авч үзжээ. Европын зөвлөлийн албан ёсны мэдээгээр Европын холбооны авлигын зарлага, хохирол нь жилдээ 120 тэрбум евро болдог байна. Шинжээчид энэ тоо амьдрал дээр үнэн хэрэгтээ хамаагүй илүү байгаа гэж үзэв. “Евробарометр” байгууллагын сүүлийн судалгаагаар Европын холбооны иргэдийн 74 хувь нь авлига өссөн гэж үзжээ.

Европын  хэд хэдэн орнуудад “эдийн засгийн үр ашиггүй, авлигын бүх хэлбэр байгааг” илтгэл боловсруулагчид тогтоов. Нэн түрүүнд ийм сүлжээ Газар дундын тэнгисийн бүс ялангуяа, Грек, Итали, Испани, Португали зэрэг орнуудад түгшүүртэй хэмжээнд очсоныг тэд өгүүлжээ. Эдгээр орнуудын авлигын асуудал нь бараг хоёр жилийн турш үргэлжилж байгаа өрийн хямралаас гарахад нь томоохон саад болж байгааг тэд хэлж байна. Төсвийн өндөр алдагдалтай, улсын өрийн хэмжээ их нөхцөлд хөрөнгийн үр ашиггүй зарлагадалт их байгаа нь хямралаас гарахад хамгийн том саад болж байна. “Авлигын эсрэг сул бодлоготой орнууд улсын өрийн асуудлаар хамгийн их хохирч байгаа. Тэдний аудитийн бүтэц сул ихэнхдээ төрийн оролцооноос хамааралтай байгаа нь албан тушаалтнуудад хуулийн цоорхойг ашиглах боломжийг өгч байна” хэмээн Transparency International  байгууллагын судалгааны албаны захирал Финн Хайнрих хэлснийг Reuters иш татав.

Илтгэлд тэмдэглэснээр, төрийн удирдлагын салбарт асуудалтай орнуудын албан тушаалтнууд хариуцлагаас мултрах боломжтой байна. Төрийн албан хаагчид ба бизнесменүүд тендерт ялах, улсын бодлогод нөлөөлөх өөрсдийн нөлөө, хүчийг ашиглаж байна. Мөн парламент нь хүчин төгөлдөр авлигын хуулиа чангатгах бололцоог бас ийм орнуудад хэрэгжүүлж чаддаггүй аж. “Эдгээр орнуудын авлигын сүлжээ ба үргэлжилж байгаа санхүүгийн хямралын холбоог цаашид анхаарахгүй байж болохгүй” хэмээн илтгэлд онцолсон байна. Грек, Португалид авлигын систем газар авсан нь эдгээр орнуудын хувьчлалын хөтөлбөрийг  үр дүнгүй болгож байна. Төрийн санд төлөвлөснөөс бага мөнгө орж ирэн улсын өрийг хаах хэмжээнд хүрч чадахгүй байна. Засгийн газрын авч чадахгүй байгаа хөрөнгө тодорхой хүрээнийхэнд очдог” хэмээн Хайнрих өгүүлэв.

Газар дундын тэнгисийн дээрх асуудалтай орнуудын  зэрэгцээ Transparency International-ийн жагсаалтад Швед, Швейцари зэрэг асуудалгүй орнууд багтжээ. Улс төрийн намуудад өгсөн хандивыг бүртгэн тогтоох журам байхгүйг шинжээчид тэмдэглэж байна. Төрийн удирдлага ба хувийн хэвшлийн салбарын хамт энэ удаа улс төрийн намууд авлигын системд идэгдэх хамгийн эрсдэлтэй бүтэц гэж илтгэлд хэлжээ. Мөн асуудал ихтэйд төрийн удирдлагын авлигатай тэмцэх бүтэц хамрагдаж байна. Европын хэд хэдэн оронд тийм бүтэц огт байхгүй бөгөөд Нидерландын тийм бүтэц нь байгаагаас байхгүй нь дээр гэсэн дүгнэлтийг шинжээчид хийжээ. Илтгэд Голландын авлигатай тэмцэх бүтцийг жинхнээсээ хэрэггүй гэж дүгнэсэн юм. Transparency International-ийн шинжээчдийн шүүмжлэлд лоббизм ихтэй, бүлгүүдийн сонирхлыг зохицуулах хуульгүй орнууд өртлөө. Судалгаанд хамрагдсан 25 орны дотор Франц, Герман, Литва, Польш, Словени, Их Британи гэсэн зургаан улсад л тийм хэм хэмжээний хууль байгаа ажээ.

Бусад үлдсэн улс орнуудад лоббичид төрийн шийдвэрт нөлөөлөх бодит боломжтой ажээ. Ийм тохиолдолд татвар нь явцуу бүлгийн зардалд зарцуулагдах боломжтой. Хууль тогтоогчид нь өөрсдийн хувийн эрх ашигт харшлах хууль журмыг шахан өөрчлөхөд нь хариуцлагын тогтолцоо байхгүй орнуудад авлигын эрсдэл өндөр байгаа. Хууль тогтоох явцад сонирхлын зөрчилдөөн байж болох, хууль тогтоогчдын чанаргүй ажиллагаа боломжтой орнуудын тоонд Бельги, Чех, Дани, Франц, Герман, Грек, Унгар, Итали, Нидерланд, Словени ба Швейцари нэрлэгдэв. Илтгэлд тэмдэглэгдсэн Европын орнуудын асуудал Орост танил гэдгийг Transparency International-ийн Оросын салбарын захирал Елена Панфилова хэлэв. Европын холбооны зарим орнууд ил тод байдлын системээ Оростой адил нэгэн цагт боловсруулж эхэлсэн ба тэдэнд асуудлууд адилхан байгаа гэнэ. Асуудлуудын дунд нийгэм нь мөн засаг захиргаа нь авлигын эсрэг хуулийг бий болгон хэрэгжүүлэхэд бэлэн биш байгаа нь орно. “Олон орнуудад Лоббизмын тухай хууль, Авлигын талаар мэдээлэл өгөгчдийг хамгаалах whistle blow protection гэх хуультай болох нь эдгээр орнуудад хүндхэн асуудал болоод байна” хэмээн Панфилова тэмдэглэв.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж